Нийслэл
2022.06.20 13:00
1141
Голд автомашинтайгаа живж байсан иргэдийг эсэн мэнд гаргажээ

Тогтоол ус, голд живсэн хоёр автомашиныг татаж гаргажээ.Тодруулбал, өчигдөр 12:03 цагт Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилт дахь Шинэ нүхэн гарц орчимд хоёр зорчигчтой суудлын автомашин тогтоол усанд живсэн тухай дуудлага бүртгэгдсэн байна. Тухайлбал, дуудлагаар нийслэлийн аврах ангийн алба хаагчид очиход Ланд круйзер-105 загварын суудлын автомашин хоёр метр орчим гүнтэй тогтоол усанд живж, жолооч 32, настай, эрэгтэй, зорчигч 37 настай, эмэгтэй нар автомашины бүхээг дээр гарсан байсныг 20 минут ажиллан аюулгүй газарт эсэн мэнд гаргаж, автомашиныг татан гаргажээ. Мөн өдрийн 20:17 цагт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт тосгоны Могойн дэнж гэдэг газар нэг зорчигчтой суудлын автомашин Туул голын усанд живсэн тухай дуудлага Онцгой байдлын газарт ирсэн аж. Дуудлагаар Нийслэлийн аврах ангийн алба хаагчид очиход Приус-41 загварын суудлын автомашин Туул голын усанд живж, жолооч 35 настай, эрэгтэй автомашиныхаа бүхээг дээр гарсан байсныг 30 минут ажиллан аюулгүй газарт эсэн мэнд гаргаж, автомашиныг татан гаргажээ. 

Амралт, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд та бүхэн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ:

  • гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх,
  • бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
  • голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх,
  • аян замд явахдаа сайн мэдэхгүй гол мөрний усанд орохгүй байх,
  • тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.