Орон нутаг
2022.06.22 22:17
3459
Ойг хамгаална гэдэг нь зохистой ашиглахыг хэлнэ

   Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачилсан нь улсын төдийгүй олон улсын байгууллага, дэлхийн улс орнуудын ярианы сэдэв болж байна. Улмаар тус хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллах, тусламж дэмжлэг үзүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэх болсон байна. Энэ цаг үед манай улсын эрдэмтэн судлаачид идэвхтэй ажиллаж, мэдлэг чадвараа дайчлах нь чухал юм.  

                Иймд Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2022.06.22/ МУИС-Үдлэг судалгааны төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ хүрээнд хэд хэдэн асуудал дэвшүүлсний нэг нь эрдэмтэн судлаачдын тоо юм. Тэргүүлэх судлаач, эрдэмтдийн үндсэн орон тооны багшид эзлэх хувийн жинг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Мөн судалгааны хамрах хүрээ болон түвшнийг судалгааны бүтээл, эшлэлийн тоог нэмэгдүүлэх замаар сайжруулах, эрдэм шинжилгээ, судалгаа, гэрээт ажил, технологи дамжуулалт, инновацийн орлогыг нэмэгдүүлэх шаардлагатай. Ойг хамгаална гэдэг нь зохистойй ашиглахаас эхэлнэ гэдгийг тус судалгааны төвийн эрдэмтэн судлаачид хэлж байв. Судалгааны төвийн байршлыг Шинжлэх Ухааны үндэслэлд тулгуурлан ой мод хамгаалж, ургуулж, үржүүлэхэд хамгийн тохиромжтой газар болох Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт сонгон байгуулжээ.

Монгол оронд 74 төрөл зүйлийн мод ургадгаас шинэс мод зонхилдог байна. Батсүмбэр сумын Үдлэг суурин дахь ой нь 200-300 жилийн настай бөгөөд  нарс, шинэс, хуш, гацуур зэрэг холимог моддоос бүрджээ.

Мөн энэхүү судалгааны төвд уур амьсгалын өөрчлөлт, моддын биомасс буюу амьдрах орчин, чийг зэрэг ойн бүх төрлийн мэдээллийг цуглуулдаг цамхаг бий. МУИС-ийн  Ой сургалт, судалгааны төвөөс хойш  1700 орчим м-ийн өндөрт байрладаг , газрын 25 м-ийн гүнд мэдрэгчтэй энэхүү цамхаг цөөхөн улсад л байдаг бөгөөд маш олон төрлийн судалгаа явуулдаг. Тухайлбал мэдрэгч нь газрын гүнд байрласнаар цэвдгийн хэлбэлзлийг тогтоодог. Мөн нарны гэрэл газрын гадаргууд болон модны титэмд хүрэлцээтэй очиж байна уу, ойж буй гэрлийн хэмжээ хэр их вэ, салхины нөлөөлөл, жилд үйлдвэрлэж буй карбонийн хэмжээ зэрэг маш олон зүйлийг судалдаг ач холбогдолтой.