Засгийн газар
2022.06.24 10:19
2073
Ерөнхийлөгчийн ТОГТООЛЫГ эргэн харж "ЦАГААН ДЭЛ-УУЛ" боомтоо СЭРГЭЭ

Монгол Улс боомтын хүчин чадал, хөгжлөөрөө дэлхийд сүүл бушгидаг. Өнөөдөр бид Гашуунсухайт, Шивээхүрэнгийн хоёр боомтоор л нүүрсээ экспортолж байгаа бөгөөд цаашид эдийн засгаа эрчимжүүлж, хөгжлийн гарцыг бий болгохын тулд боомтуудын тоог дахин нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийг хүн бүр л мэднэ. 

Уг нь Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт ачаа тээврийн байнгын ажиллагаатай авто замын “Цагаан дэл Уул- Өлзий” боомт барих гэрээг 2014 онд Хятадын талтай хийжээ. Тодруулбал 2014 онд Монгол улсын Засгийн газар урд хөрштэйгөө зөвшилцөлд хүрч, Хятадын талаас “Цагаан дэл Уул- Өлзий” боомтыг нээхийг зөвшөөрсөн нот бичиг ирүүлсэн ч  өнөөдөр бодит байдал дээр ажил урагшлах нь бүү хэл гацсан талаар бид өмнө  мэдээлж байсан.

МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2018 онд Ерөнхий сайд байхдаа Засгийн газрын тогтоол гаргасан. Тодруулбал, Баруун нарангийн 32 км замаас “Цагаан дэл Уул-Өлзий” боомт хүртэл 270 км хүнд даацын хатуу хучилттай автозамыг ашиглалтад оруулж, боомтоо нээх шийдвэрийг 2018 онд гаргаж байв.

Тус замыг  “Ундрах говь” компани концессийн гэрээгээр 270 км зам барихаар болж, 2021 оны арваннэгдүгээр сард барилгын ажлаа эхлүүлэх зөвшөөрөл авчээ. Гэвч тогтоол хэрэгжих нь бүү хэл, хэн нэгэн эрх мэдэлтний, эрх ашгийн талд ороод нам гацсан бололтой.  

Учир нь  2022 оны нэгдүгээр сарын 7-нд туслан гүйцэтгэгч компаниудтайгаа гэрээ байгуулсан ч  бас л ажлаа үргэлжүүлж чадахгүйд хүрчээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  саяхан Өмнөговь аймагт ажиллах үеэрээ Цагаандэл-Уул –Өлзий боомттой холбоотой 2014 онд гаргасан шийдвэрийг түр хугацаанд түтгэлзүүлнэ гэдгээ мэдэгдсэн. "Цагаан дэл Уул" боомтын хувьд одоогоор Монголын төрөөс нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт ороогүй. Хятадын талаас манай улсад 1.6 тэрбум юанийнхөрөнгө оруулалт хийсэн байдаг.

Уг нь Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хилийн боомтуудыг хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулж, хилийн боомтыг хөгжүүлэх, шинэчлэх асуудалд Элчин сайдуудтай уулзалт хийж буй. Гэсэн ч улс орны хөгжил, эдийн засгийн эргэлтийг том зургаар нь харвал "Цагаан дэл Уул" боомтын үйл ажиллагааг яаралтай эхлүүлж, замаа барих тал дээр Л.Оюун-Эрдэнэ сайд хойрго хандаж байна. 

“Цагаан дэл Уул-Өлзий” боомт хүртэл 270 км зам ашиглалтад орсноор  Монгол улсын нутгаар дамжин өнгөрөх Орос, Хятад цаашлаад Азийн бусад орнууд руу тээвэрлэх ачаа тээврийн хэмжээ нэмэгдэнэ.  Тэр хэмжээгээр зам дагуух үйлчилгээний цогцолбор, засвар үйлчилгээ, бичил бизнесийн орчин бүрдэх боломжтой.  

Ийнхүү хөгжлөө бодсон бүтээн байгуулалт эхэлснээр Монгол, Хятад улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа сайжрах, нүүрсний экспорт, импортод шинэ гарц нээх, бүс нутгийн аялал жуулчлал хөгжих, гадаад валютын урсгал ч мөн өсөн нэмэгдэх зэрэг олон талын ач холбогдолтой байхад нутгийн иргэд нь эсэргүүцэж, төр засаг нь гацааж орхилоо.