Нийгэм
2022.06.24 13:15
3990
Б.Энх-Амгалан: Уранаас болж үсгүй ишиг, голоороо нугаларсан амьгүй ботго гарсан

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын иргэд Засгийн газарт шаардлага хүргүүлж байна. Учир нь хүний амьд явах анхдагч хэрэгцээ болох ундний ус билээ. Гэвч Улаанбадрах сумын ундны ус Бадрах энержи ХХК-ий буруутай үйл ажиллагааны улмаас бохирдон гамшгийн хэмжээнд хүрчээ.

Энэ талаар Дорноговь аймгийн Улаанбадрах сумын иргэн Б. Энхамгалан хэлэхдээ:

Бадрах энержи ХХК ураныг уусган баяжуулах аргаар үйлдвэрлэл явуулж байна. Энэ нь газрын гүнд 120 метрт 45 нэр төрлийн химийн бодисыг шахаж ураныг газар доор уусган баяжуулж олборлодог. Энэхүү үйл ажиллагаа нь иргэн бидэнд ямар хор хөнөөлж учруулж байна вэ гэхээр

Нэгдүгээрт: “Монгол улсын үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн хоёрт эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг минь зөрчиж байна.

Хоёрдугаарт: Монгол улсын үндсэн хуулийн тавдугаар зүйлийн тавд заасан Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна гэсэн зүйл заалтыг мөн зөрчиж байна.

Монгол улсын засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар Оюунэрдэнэ гуай байхдаа 2020 оны тавдугаар сарын 8-ны өдөр тушаал гаргасан байдаг. Бадрах энержи ХХК-ий ойр хавийн гүний болон хөрсний усанд шинжилгээ хийж нэр бүхий найман усыг хүн мал уух юм бол үхлийн аюулд хүргэнэ” гэдгийг өөрөө 31 тоот тушаалаараа баталчаад өнөөдрийг хүртэл хоёр жилийн хугацаанд ямар ч арга хэмжээг аваагүй. Нэр бүхий найман уснаас дурьдвал, Гүн сухай, Дэнгийн ус, Өвгөн мод, Цагаан эрэг, Наймаа, Цэвүү 1, 2, Баруунбаянгийн ус, Баруунбаянгийн булгийг хүн малын ундаанд хэрэглэх юм бол үхлийн аюулд хүргэнэ гэдгийг зарласан. Энэ нь уран болон хүнцэл, хүнд метал цацраг нь зөвшөөрөгдөх хэмжээнээс 22-92 хувиар их байна гэж тогтоогдсон. Гэтэл хоёр жилийн хугацаанд Засгийн газар энэ асуудлаар ямар ч ажил хийгээгүйгээс болж тэнд байгаа малчид маш ихээр хохирч байна.

Хамгийн сүүлд 2022 оны гуравдугаар сарын 6-нд Улаанбадрах сумаас 30 хэдэн киллометрын зайд байдаг Саранжаргалынх гэдэг айлд нүцгэн ямар ч үсгүй ишиг гарсан. 2021 оны арваннэгдүгээр сарын 30-нд Улаанбадрах сумаас 80 киллометрын зайд байдаг Гүншувуутын Шанд гэх айлын өглөө ус уугаад гарсан үхэрнүүд нь нэг цагт ес нь газар дээрээ үхсэн. Энийг лаборторын шинжилгээнд явуулсан. Гэтэл Улсын төв лабортор биднийг доромжилж байгаа юм шиг хариу өгдөг. Тухайлбал, 2020 оны таван сард Аргалант багийн малчин Ганороврын Ариунболдынд амьгүй голоороо нугаларсан ботго гарсан. Энийг Улсын төв лаборторын шинжилгээнд явуусан. Хариу нь механик гэмтэл гэж гарж байгаа юм. Гэтэл энэ нь Бадрах энержи ХХК-ы гүний усанд 45 нэр төрлийн химийн бодис шахсантай шууд холбоотой. Улаанбадрах суманд одоо хатуулаггүй ус гэж байхгүй. Амны ус гэж ер нь байхгүй.

Хамгийн наад захын жишээг дурьдвал Цэвүү 1,2 гэдэг усан дээр 2020 онд хэмжилт хийхэд зөвшөөрөгдөх хэмжээ нь хатуулгын хэмжээ гурван бүхэл байдаг гэтэл Цэвүү 1,2  уснаас 7,75 гарсан. Гурван бүхлээр их гарсан харин энэ жил хийхэд 8,53 гарсан. Энэ өдрөөс өдөрт жилээс жилд нэмэгдсээр байна. Эрдэсжилт мөн ялгаагүй байна. Бид яагаад энийг яриад байна вэ гэвэл Улаанбадрах сумын төвд Болор 1,2 гэдэг ус байгаа. Одоо Улаанбадрах сумын төвийнхөн бүгд ууж байна. Энэ уснаас ураны агууламж гурав дахин их гарсан ч энэ усыг хэргэлсээр л байгаа. Бид үхсээр л байна гэдгийг хэлсэн юм.