Нийслэл
2022.06.24 14:52
1823
Нийслэлийн 5,426 цэгт 13,944 камер суурилуулна

2022-2024 онд хэрэгжүүлэх "Улаанбаатар хотын цахим шилжилт" нь төр, хувийн хэвшлийн хамтран хэрэгжүүлэх анхны томоохон төсөл бөгөөд технологийн шийдэл, төлөвлөгөөг өнөөдөр танилцууллаа. 

Нийслэлийн салбар бүрд мэдээлэл технологийн шийдлүүдийг ашиглан, иргэдийн ажиллаж, амьдрахад таатай ухаалаг хотыг бий болгоход нийслэлийн төрийн байгууллагууд үндэсний мэдээлэл технологийн 70 гаруй аж ахуйн нэгжтэй хамтран ажиллахаар болжээ.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Төр болон хувийн хэвшлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах хамгийн зөв хэлбэр бол цахим шилжилт. Улаанбаатар хот цахим шилжилт хийх цаг нь болсон. Дэлхийн томоохон хотууд цахим шилжилтийг хийж, хөгжиж байгаа. Ийм ч учраас дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахын тулд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн томоохон төв болсон Улаанбаатар хот цахим шилжилт хийх ёстой. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа мэдээлэл технологийн томоохон 70 гаруй аж ахуйн нэгжтэй хамтран цахим шилжилтийг хийнэ. Энэ бүхэнд аж ахуйн нэгжүүдийн маань оролцоо чухал. Хиймэл оюун ухааны тусламжтай, хүний хүчин зүйлээс үл хамаарах зохицуулалтыг хамтран хэрэгжүүлнэ. Улаанбаатар хотод тулгамдаж байгаа олон асуудлыг шийдэх, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, авлигаас ангид, ил тод, нээлттэй үйл ажиллагаа явуулах боломж бүрдэх юм” хэмээлээ.

Телекамерын ухаалаг системд түшиглэсэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нэгдсэн мэдээллийн системийн тогтолцоо бий болгож, чиг үүргийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, мэдээлэл солилцох, дүн шинжилгээ хийх, шийдвэр гаргах хурдыг нэмэгдүүлж, нийслэлийн иргэдийн амьдрах, ая тухтай орчныг бүрдүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж аюулгүй хотыг бий болгоно. Тус төслийн хүрээнд 2020-2024 онд орчны теле хяналтын камерын чиглэлээр 2019 оны А/925 захирамжаар баталсан нийслэлд нэн шаардлагатай 5,426 цэгт 13,944 камер суурилуулахаар төлөвлөөд байгааг Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.