Улс төр
2022.06.27 11:40
5009
У.Хүрэлсүх: Бид дэлхийн хүн төрөлхтөний хүнсний хангамжид өөрсдийн гэсэн хувь нэмрээ оруулах ёстой

"Хүнсний хангамж аюулгүй байдал-Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци" Үндэсний зөвлөгөөн өнөөдөр болж байна.

Энэхүү Үндэсний зөвлөгөөнийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлэхдээ Монгол улсын хүнсний аюулгүй байдалд анхаарч цаашлаад  дотооддоо хүнсний хэрэгцээгээ хангаж цаашилбал дэлхийд экспортлогч улс болох зорилтыг тавьж байгаа талаараа онцлон дурьдсан юм. Тодруулбал,

“Улс орныхоо нийгэм эдийн засгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор халамжаас хөдөлмөрт, олборлолтоос боловсруулалтад, импортоос экспортод шилжих суурь реформын хүрээнд 100 жил арван зорилт хөгжлийн санаачлагыг Монгол улсын ерөнхийлөгч, төрийн тэргүүн дэвшүүлсэн. Энэхүү санаачлагын нэг чухал зорилт нь хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, мал аж ахуй газар тариалангаа эрчимжүүлэн хөгжүүлэх, бүс нутагтаа хүнс экпортлогч орон болох явдал юм. Монгол улсын ерөнхийлөгч хүнсний аюулгүй байдлыг онцгой анхаарч өнгөрсөн тавдугаар сард Монгол улсын үндэсний аюулгүй зөвлөлөөр уг асуудлыг хэлэлцэж зөвлөмж гаргасан. Мөн улс орон даяар хүнсний хувьсгал эхлүүлэхээр УИХ-ын нэгдсэн чуулганд дэлгэрэнгүй мэдээллийг хийж, хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл, ирэх таван жилийн хугацаанд хийж хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөний хамт УИХ-д өргөн барьж уг тогтоолын төсөл зургадугаар сарын 17-ны өдөр УИХ-аар батлагдлаа. Бидний бодлого хийж хэрэгжүүлэх ажил тов тодорхой болсон гэсэн үг юм. Их хурал үүнийг баталсан одоо бид цаг алдалгүй ажиллаа хийх ёстой.

Энэхүү хүнсний хувьсгалын үр дүнд ирэх таван жилд гол нэр төрлийн 19 нэрийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангаж цаашдаа Монгол улс хүнс экспортлогч улс болох эхлэл тавигдах учиртай юм. Энэхүү таван жилийн төлөвлөгөөг хийж хэрэгжүүлэхэд УИХ 1,7 их наяд төгрөгийн санхүүжилт хийх тогтоолын төсөл батлагдсан.

Бид хүнсээ өөрсдөө бэлдэх ёстой. Хэдий болтол бид айлаас гуйж амьдрах вэ? Одоо бид өөрсдөө хийж, өөрсдөө үйлдвэрлэж, өөрсдөө бүтээдэг улс болох хэрэгтэй. Үйлдвэрлэгч орон болох ёстой. Нөгөө талаар бид дэлхийн хүн төрөлхтөний хүнсний хангамжид өөрсдийн гэсэн хувь нэмрээ оруулах ёстой” гэсэн юм.

Мөн хүнсний хүнсний хангамж, хүнсний аюулгүй байдал, хүнсний хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлж, хүнс хөдөө аж ахуйн салбарыг шинэ шатанд гаргахад өндөр ур чадвартай мэргэжлийн боловсон хүчин, эрдэмтэн судлаачид, мэргэжлийн холбоод, эрдэм шинжилгээний байгууллагууд, дээд болон мэргэжлийн байгууллагуудын оролцоо хамтын ажиллагаа манлайлал нэн чухал байна гэдгийг онцлон тэмдэглэлээ.