Нийгэм
2022.06.29 14:40
488
Улаанбаатарыг чиглэсэн их нүүдэл сүүлийн 30 жилд тасралтгүй үргэлжилж байна

Хорин дөрвөн жилд 607 мянган хүн Улаанбаатар хотод шилжин иржээ Монгол Улсын хөгжил сүүлийн 30 жилд эрс саарч, Улаанбаатарыг чиглэсэн их нүүдэл тасрахгүй байгаагийн гол шалтгаанд орон нутгийн хүн ам цөөрсөн хэр нь засаг захиргааны нэгж нь данхайсан.

Улсын хэмжээний 330 сум тус бүр төрийн захиргааны бие даасан бүтэцтэй, ИХТ-тай. Энэ бүтцүүд бүгдээрээ улсын төсвөөс татаас авдаг. Сум болгон хаалга барьж, зундаа ганцхан наадах наадмын талбайгаа засахаар, хүүхдийнхээ тооноос илүү гарсан суудалтай сургууль барьж, зам тавиулахаар яаравчилдаг. Гэсэн ч сумд нийслэлийг чиглэсэн их нүүдлээ тогтоож дийлээгүй л яваа. Улаанбаатарыг чиглэсэн их нүүдэл сүүлийн 30 жилд тасралтгүй үргэлжилж байна. Зөвхөн 1992-2016 оны хооронд 607 мянган хүн Улаанбаатар хотод шилжин иржээ. Улсынхаа нийт хүн амын талаас илүү хувийг төвлөрүүлсэн Улаанбаатарын төвлөрлийг сааруулах санаачилга Үндсэн хуулийн өөрчлөлт хийх асуудлын дунд багтжээ. Ингэхдээ аймгийн төв болон томоохон сууринтай хэт ойр байдаг сумдыг хооронд нь нийлүүлж, төсвийн давхцал, үр ашиггүй зарцуулалтыг хумина гэж тооцож байгаа аж.

 

Энэ шийдэл нь төсвийг нэмээд зогсохгүй, хүн ам багатай сум, аймгийн төвийн эдийн засгийг эрчимчүүлж, хүн амыг зүйн бодлогод эергээр нөлөөлнө хэмээн үзэж байгаа аж. Одоо байгаа Монгол Улсын 330 сум нь 1960-аад оны зохион байгуулалт бөгөөд тухайн үеийн Ардын их хурал нэгдэлжих хөдөлгөөн болон Атрын аяныг зохион байгуулах их ажлын хүрээнд хөдөөгийн сумдыг мал, аж ахуй газар тариалангийн чиглэлээр зохион байгуулж үр дүнд хүрч байсан арга юм. Тиймээс орон нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох асуудал энэ удаа яригдах нь тодорхой болжээ.