Бусад
2022.07.09 15:54
5102
БАЯР ЁСЛОЛЫГ ХОР БИШ ХООЛООР ТЭМДЭГЛЭЕ

    Монголчуудын хувьд 7-р сар бол аялал зугаалга, баяр наадам давхацсан идэвхтэй үе байдаг. Бид энэ л үед гэр бүл, найз нөхөдтэйгөө сайхан дурсамж бүтээж, бүтэн жилийн ажлын стресс, ядаргаагаа тайлдаг. Гэвч энэ үед буруу хооллолт, осол гэмтэл гээд олон эрсдэл дагаж байдгыг бид санах ёстой. Осол гэмтлийн хор уршиг нь тухайн цаг үедээ шууд илэрдэг бол буруу хооллолтынх хэсэг хугацааны дараа ч илэрч болно.

  Тухайлбал наадмын хуушуурыг гялгар уутанд хийж хадгалах, халааж идэх зэрэг нь хорт хавдар, бусад халдварт бус өвчин тусах том шалтгаан болдог гэдгийг дийлэнх хүн мэддэггүй. Мөн халуун өөх тостой хоол, хорхогны мах идсэний дараа хүйтэн юм уух нь бараг л амиа хорлосонтой адил үйлдэл юм. Энэ эрсдэл амралт зугаалга, баяр наадмын үеэр илүү их нэмэгддэг. Хоол хүнсээ зөв хэрэглэхгүй бол баярын хоол биш хор болох нь элбэг. Үүнтэй холбоотой олон бодит жишээ байдаг ч бид төд удалгүй мартчихдаг тал бий. Иймд сэрэмжлүүлэг болгох үүднээс энэхүү нийтлэлийг бичиж байна.

   Шинжлэх Ухааны “Lancet” сэтгүүлд 2 жилийн өмнө хэвлэгдсэн судалгаанаас үзэхэд буруу хооллолтын улмаас жил бүр 11 сая хүн нас бардаг гэсэн дүгнэлт гарчээ. Мөн таван хүн тутмын нэг нь буруу хооллолттой холбоотой хүчин зүйлээс шалтгаалан нас бардаг. Харин Монгол Улсад энэ тоо жил бүр нэмэгдэж байна. Буруу хооллолт гэдэг нь тухайн хүний сонголтын асуудал мэт боловч, иргэдээ эрүүл аюулгүй хоол хүнсээр хангахад төрийн оролцоо их. Иймд хүн амын эрүүл мэнд, амь насыг дайнаас ч илүү хохироож буй хүнсний асуудалд дэлхий нийтээрээ анхаарал хандуулж эхэлжээ. Энэ жишгийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлсэн нь тус салбарын эрдэмтэн судлаачид, мэргэжилтэн, боловсон хүчингүүдийн талархлыг хүлээж байна. Учир нь тэд л Монгол Улсад хүнсний аюулгүй байдал ямар түвшинд хүрсэнг мэдэж байгаа. Энэхүү “Хүнсний хувьсгал” эрчээ авч чадвал наад зах нь хадгалалтын горим алдагдсан, химийн хорт бодис орсон, чанаргүй импортын хүнснүүд зарагдахаа больж дотооддоо үйлдвэрлэсэн буух эзэн, буцах хаягтай хүнсний эрэлт нийлүүлэлт нэмэгдэнэ.

   Мөн зуны цагт Монголчуудын цагаан идээний хэрэглээ нэмэгддэг. Гар дээрээс зарагдаж байгаа сүү нь хувиараа мал аж ахуй эрхэлж байгаа хувь хүмүүсийн гэрийн нөхцөлд сааж, бэлтгэсэн сүү байдаг бөгөөд тэдний зарим нь сүүний тосыг нь машиндах буюу хөөрүүлж аваад үлдсэн шингэн сүүг ус, түүхий гурил зэргийг хольж арвижуулан, өтгөрүүлж зардаг байна. Мөн зах лангуун дээр худалдаалагдаж буй ихэнх ааруул, хуруудыг мөн шар усыг гүйцэт аваагүй аарц нэртэй цагаанд түүхий гурил хольсон байдаг. Судлаачдын үзэж буйгаар түүхий гурил нь сүүний сахартай холилдохоороо сахарын этилийн спирт үүсэх процессыг улам түргэсгэж, улмаар улаан хоолой, ходоодны хорт хавдар үүсгэдэг байна.

   Бидний идсэн бүхэн биед ямар нэг эерэг, сөрөг нөлөө үзүүлдэг. Ходоодоо хогийн сав шиг бодох тусам тэр хэмжээгээр эрүүл мэнд, гоо сайханд нөлөөлж байгаа гэдгийг мартах ёсгүй. Ард түмэн байхгүй бол улс байхгүй. Ард түмний хэрхэн оршин тогтнох нь хүнсний хангамж, аюулгүй байдалтай нягт уялдана. Иймд орон даяар хэрэгжиж эхэлсэн “Хүнсний хувьсгал”-д иргэн бүр нэгдэж, өөрсдийнхөө болон гэр бүл, хайртай хүмүүсийнхээ ирээдүйг хамгаалъя.