Б.Батчимэг
Сэтгүүлч
Улс төр
2022.08.08 12:26
3501
Б.Батцэцэг: Хятадын талд урт хугацаанд нүүрс тогтвортой нийлүүлэх гэрээ байгуулахаар тохиролцлоо

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр 2022 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хотноо хүрэлцэн ирээд буй.

Айлчлалын хүрээнд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй хэлэлцээ хийж, холбогдох баримт бичгүүдэд гарын үсэг зурж, хоёр улсын сайд нар хамтарсан мэдэгдэл хийлээ.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: Миний бие БНХАУ-ын гадаад харилцааны сайд Ван И-тэй Монгол Хятадын найрсаг харилцаа,  хамтын ажиллагаа иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хоёр талын хүчин чармайлтаар цаашид идэвхжүүлэн хөгжүүлэх өргөн хүрээтэй асуудлаар хэлэлцээ хийж, санал солилцлоо. 

Манай хоёр улс цар тахлын хүндрэл бэрхшээлийг хамтдаа даван туулж, найрсаг бөгөөд харилцан ашигтай хамтын ажиллагааг бүхий салбарт өргөжүүлэн хөгжүүлж байгаад баяртай  байна.

Ван И сайдтай хийсэн хэлэлцээний үеэр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг дүгнэж, цаашдын чиг хандлага, дээд өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, эдийн засаг бүтээн байгуулалтын томоохон төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, Монгол-Хятадын хилийн боомтуудын үйл ажиллагааг өргөжүүлэх зэрэг асуудлуудаар ярилцлаа. Түүнчлэн хоёр улсын Гадаад харилцааны яамд хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлж, 2023-2024 онд хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа. 

Монгол-Хятадын харилцан ашигтай хамтын ажиллагааг улам бэхжүүлж, хилийн боомтыг төмөр замаар холбож, шинэ гарцыг бий болгосноор уурхайн бүтээгдэхүүний экспортыг урт хугацаанд тогтвортой явуулах нөхцөл бүрдэж байна.

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхээр хоёр тал тохиролцлоо. Хоёр талын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг 2021 онд хэрэгжүүлсэнийг тэмдэглэж, цаашид худалдааг нэмэгдүүлэх боломжтой гэж үзлээ.

Гашуунсухайт Ганцмод боомтыг төмөр замаар холбох асуудлыг эцэслэн тохиролцож, Хятадын талд урт хугацаанд нүүрс тогтвортой нийлүүлэх гэрээ байгуулахаар тохиролцлоо.

Ханги-Мандал боомтыг төмөр замаар холбох асуудлаар манай талын хүсэлтийг Хятадын тал анхааралдаа авч, дотоодын холбогдох байгууллагуудтайгаа ярилцахаар тохиролцлоо.