Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2022.08.08 12:56
4640
Ван И: Монгол улс, Хятад улстай холбоотой асуудалд бусад улс хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцэж байгааг бид сайшааж байна

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр 2022 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хотноо хүрэлцэн ирээд буй. Айлчлалын хүрээнд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй хэлэлцээ хийж, холбогдох баримт бичгүүдэд гарын үсэг зурж, хоёр улсын сайд нар хамтарсан мэдэгдэл хийлээ.

БНХАУ-ын төрийн зөвлөлийн гишүүн, гадаад харилцааны сайд Ван И: "Хоёр жилийн дараа Монголд айлчилж байгаадаа маш их таатай байна. Улаанбаатар хотын таатай сайхан өөрчлөлтүүд харагдаж байгаад маш их таатай байна. 

Монгол улсын тал нутгийн их газарт эрч хүч мэдэрлээ. Монгол улс Хятад улсын сайн хөршийн хувьд Монгол Улсын гаргаж буй ахиц дэвшилд ихээхэн баярлаж байна. Монгол, Хятад хоёр бол хувь заяагаар холбогддог. Манай хоёр улс сайн хөрш, бэрхшээлийг хамт даван туулах сайн түнш, сайн анд, мөн цаашид хамтдаа хөгжих түншлэл болоход бэлэн байна.

Талууд бие биенийхээ тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэхээ дахин нотолсон. Мөн бие биеийнхээ язгуур эрх ашгийг харилцан хүндэтгэж байна. Хятад тал Монгол Улсын төрийн тогтвортой байдал, хөгжилд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. Мөн Монголын тал "Нэг Хятад" бодлогыг тууштай баримтлаж байгаагаа дахин нотолсон.

Мөн бусад орон Хятадын Тайвань, Төвд Шинжаан, Хонконгтой холбоотой асуудалд хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцэж байгааг бид нар сайшааж байна, талархаж байна.

Мөн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг урагшлуулахыг талууд зөвшөөрсөн. Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах, бохир ус цэвэршүүлэх байгууламж, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр зэрэг ард түмэнтэй холбоотой төслүүдийг хэрэгжүүлэхийг зөвшөөрсөн.

Монголын талаас нэг тэрбум мод тарих санаачилга гаргасан бол Хятадын талаас 70 тэрбум мод тарих санаачилга гаргасан хамтын ажиллагааг эрчимжүүлэх болно" гэлээ.