Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Ерөнхийлөгч
2022.08.09 14:33
2573
Антонио Гутерреш, Ерөнхийлөгчийн хамт ҮЦХ-нд мод тарьж, "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг дэмжиж буйгаа илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш манай улсад албан ёсны айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж,  "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг дэмжиж буйгаа илэрхийллээ. 

Тус арга хэмжээг нээж, МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлэв.

Тэрбээр хэлсэн үгэндээ, Уур амьсгалын өөрчлөлт, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хангах, газрын доройтлыг бууруулах нь нэг улс орны бус дэлхийн нийтийн асуудал болж байгааг тодотгоод,“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх чиглэлээр бүс нутгийн хэмжээнд хамтын ажиллагааг өрнүүлж байна гэв.

Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Монголын хүүхэд, залуус манлайлан оролцож байгааг онцолсон юм.  

Мод тарих арга хэмжээнд Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр болон албаны төлөөлөл, Энхийг сахиулагчид, хүүхэд залуусын төлөөлөл оролцлоо.