Б.Батчимэг
Сэтгүүлч
Хууль эрх зүй
2022.08.10 12:40
8468
Б.Баасанцогтийг цагдан хорихоор шийдвэрлэжээ

Б.Баасанцогтыг, бусдыг хилс хэргээр яллуулах зорилгоор шүүгч нарт хахууль өгсөн асуудалд нь хэрэг үүсгэж, Эрүүгийн хуулийн 22.4.1 зааснаар яллагдагчаар татаад байсан бөгөөд уг хэрэг наймдугаар сарын 2-нд шүүхэд шилжээд байсан юм.

Өмнө нь ТЕГ-аас экстремист үйл ажиллагаа, гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байсан Монгол Улсын нэр бүхий таван иргэнийг саатуулан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй. Энэ хэрэгт Б.Баасанцогт нь холбоотой байж болзошгүй хэмээн үзэж, мөн саатуулсан хэмээн мэдээлж байсан билээ.

Түүнчлэн Д.Сүхбаатарын талбайд суулт зарлаад байсан "Тусгаар тогтнол" хөдөлгөөнийхнийг А.Гансүх, Б.Баасанцогт нар санхүүжүүлсэн байж болзошгүй хэмээн үзэж буй талаараа мэдээлсэн.

Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Баасанцогт нарын нэр бүхий 3 шүүгдэгч, нэг хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэхээр товлосон.
Гэвч шүүгдэгч Б.Мөнхбаяр ковид-19 өвчний учир эмчлүүлж байгаа талаар, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа нэгдүгээр хавьтал болж хяналтад байгаа зэрэг эмнэлгийн баримт ирүүлснийг шүүх хүлээн авч мөн бусад өмгөөлөгч нараас гаргасан хүсэлт зэргийг харгалзан шүүх хуралдааныг жич товлохоор хойшлуулав.
 
Мөн шүүгдэгч Б.Баасанцогтод урьд авсан хувийн батлагаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорихоор болж бусад шүүгдэгч нарын арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.