Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Засгийн газар
2022.08.29 21:05
5650
Л.Оюун-Эрдэнэ: Тухайн салбараа манлайлаад аваад явчих улс төрийн манлайлагчдыг л би цаашдаа дэмжинэ

Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар яаралтай горимоор хэлэлцэн шийдвэрлэхээр хуралдаж буй. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ бүтэц, бүрэлдэхүүнтэй холбоотой асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлэв.

Л.Оюун-эрдэнэ: "Эрх зүйн шинэ орчин үүсэж, уих-ын гишүүд сайдын албыг давхар хаших ийм боломж бүрдэж байгаа. Тухайн салбартаа мэргэшсэн, УИХ-д 2-оос доошгүй удаа сонгогдсон, тухайн салбарынхаа байнгын хороог  ахалсан,  засгийн газарт  өмнө нь ажиллаж байсан туршлагатай, тухайн салбараа манлайлаад аваад явчих улс төрийн манлайлагчдыг л би цаашдаа дэмжинэ. Мэдээж энэ өрсөлдөөнтэй холбоотой олон асуудлууд байгааг ойлгож байна. Энэ л хамгийн зөв болно. Өнөөдөр ч гэсэн би энэ зарчмыг хатуу барьсан.

Хөдөө аж ахуйтай холбоотой асуудлыг хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга л авч явах нь хамгийн зөв, цахимтай холбоотой асуудлыг цахим бодлогын байнгын хорооны дарга л хамгийн мэргэшсэн байгаа. Төсвийн байнгын хорооны дарга эдийн засгийн хөгжлийн яамыг л авч явах нь хамгийн зөв сонголт. Энэ агуулгаараа л цаашдаа бид нарын хувьд ингээд явах нь зүйтэй гэж бодож байгаа. Үйлдвэржилттэй холбоотой асуудлыг үйлдвэржилтийн байнгын хорооны дарга ялангуяа эрчим хүчтэй холбоотой асуудлыг, гацсан төслүүдтэй холбоотой асуудлыг хууль зүйн байнгын хорооны дарга аваад явах нь л хамгийн зөв.

Энэ яахав бусад бүх л парламентын засаглалтай улсад байдаг сонгодог тогтолцооны л зарчим. Үүнийгээ л бид нар цаашаа бариад явах нь зүйтэй гэж бодож байгаа. Энэ бол цаг хугацааны явцад харагдах байх. Ер нь бол парламентын тогтолцоотой улсад улсын их хурлын гишүүн сайд байж байж тухайн салбарынхаа бодлогыг УИХ дээр нэгдсэн бодлогоор хамгаалж, дэмжлэг авч, цаг алдалгүй урагшлуулах нь улсын эрх ашигт л нийцнэ.

Бид нар маргалдаад байх бол яг үнэндээ иргэдэд нээх сонин биш шүү дээ. Асуудал шийдэгдэх ёстой. Асуудал шийдэгдэж эдийн засагт амьжиргаанд бодитой үр дүн гарах л учиртай. Хүндхэн цаг байна. Гэхдээ энэ зөвхөн монголд болоод байгаа зүйл биш. Дэлхий даяар л амаргүй сорилттой тулж байна."