Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2022.08.29 22:12
6438
Л.Оюун-Эрдэнэ: Сайд гэдэг бол албан тушаал биш, гал барилцах улс төрийн манлайлагчид

 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-д Засгийн газрын шинэчилсэн бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулав.

Тэрбээр, Миний бие Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Монгол Улсын Үндсэн хуулийн 39-р зүйлийн 4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын зарим гишүүдийг шинээр томилох нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Засгийн газрын шинэчилсэн бүрэлдэхүүнийг сонгохдоо, Шадар сайд С.Амарсайхан, Хуульзүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Сангийн сайд Б.Жавхлан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Соёлын сайд Ч.Номин нарыг үргэлжлүүлэн ажиллуулах нь зүйтэй гэж үзэв.

Шинээр томилогдох Засгийн газрын гишүүдийг сонгохдоо УИХ-д сонгогдсон байдал, мэргэжлийн Байнгын хороог удирдсан байдал, мэргэжлийн болон улс төрийн туршлагыг харгалзах сонгодог парламентын засаглалын мерит зарчмыг үндэслэл болголоо.
Цар тахал болон олон улсын хямралт нөхцөл байдлын үед “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан стратегийн томоохон төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, Улсын Их Хурал, Засгийн газрын уялдаа холбоог сайжруулах үндэслэлээр мэргэжлийн Байнгын хорооны дарга нарыг тухайн салбарын яаманд ажиллуулах ерөнхий зарчмыг баримтлав.

Тухайлбал,
-       УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатарыг Эдийн засаг, хөгжлийн сайдаар,
-      УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулууныг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар,
-      УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учралыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар,
-      УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатарыг Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдаар,
-      УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэнг Эрчим хүчний сайдаар,
-       УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогтыг Зам, тээврийн хөгжлийн сайдаар тус тус дэвшүүллээ.
Салбар дундын зохицуулалтыг хангах, салангид чиг үүргүүдийг нэгдсэн бодлогоор зохицуулах үүднээс боомтын болон нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийн асуудал хариуцсан Монгол Улсын сайдыг Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын даргын түвшинтэй дүйцүүлж томилохоор шийдвэрлэв.
Мөн олимпизм, спорт, нийтийн биеийн тамир, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх асуудал эрхэлсэн сайд байх нь зүйтэй гэж үзлээ.

Сайд нарын ажлын гүйцэтгэлийг жил бүхэн үнэлж, хариуцлага тооцох зарчмыг Ерөнхий сайдын хувьд баримталж, олон нийтийн үнэлгээтэй уялдуулан ажиллах болно гэдгийг онцлон тэмдэглэж байна. Энэ ажлын гүйцэтгэлд тулгуурласан хариуцлагын үнэлгээний тогтолцоо зөвхөн сайд нар төдийгүй, төрийн анхан дунд шат, орон нутагт хамааралтайг хатуу сануулъя!
Сайд бол албан тушаал биш, цаг нартай уралдан асуудлыг шийдвэрлэж, гал барилцах улс төрийн манлайлагчид байх учиртай гэлээ.