Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Ярилцлага
2022.08.30 10:01
15047
Дэслэгч Х.Энэбиш: "Ургамал яг хүүхэд шиг шүү дээ, байнгын арчилгаа хэрэгтэй байдаг"

Дундговь аймаг дахь цагдаагийн газрын Өлзийт сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Х.Энэбиш, хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ц.Дашням нартай хэсгийн байраа хэрхэн тохижуулсан талаар цөөн хором ярилцлаа.

Танд энэ өдрийн мэнд хүргэе! Дундговь аймгийн Өлзийт суманд зуншлага хэр байна вэ, сумаа бидэнд танилцуулаач?

Цагдаагийн дэслэгч Х.Энэбиш: Амрыг эрье. Энэ жилийн хувьд манай нутагт урьд урьдынхаас ган ихтэй тааруухан л зун болж байна. Манай сум нь Монгол улсын хэмжээнд газар нутгийн хэмжээгээрээ эхний тавд ордог томоохон сум. Өлзийт сум маань Цагаан суварга, Өөш манхан, Морин толгойн цав, Дэл-Хөнжлийн уул, Монтойн хайлааст ам зэрэг  байгалийн  өвөрмөц сонин тогтоцтой үзэсгэлэнт газрууд олонтой юм. Манай сум нийт 2400 орчим иргэн, 900 гаруй өрхтэй.

Та хоёр маань цагдаагийн байгууллагад хэдэн жил ажиллаж байна вэ, өөрсдийгөө танилцуулаач?

Цагдаагийн дэслэгч Х.Энэбиш: Намайг Хурцбаатарын Энэбиш гэдэг. Цагдаагийн байгууллагад 13 дахь жилдээ ажиллаж байна. Өлзийт суманд хэсгийн төлөөлөгчөөр 2021 оны 03 сард томилогдсон. Одоо гэр бүлийн хамт Өлзийт сумандаа ажиллаж, амьдарч байна.

Цагдаагийн дэд ахлагч Ц.Дашням: Намайг Цэнджавын Дашням гэдэг. Цагдаагийн байгууллагад 2 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд энэ оны 04 дүгээр сард Өлзийт сумын хэсгийн цагдаагаар томилогдон ажиллаж байна.

Хэсгийн байрныхаа гадна талбайг сайхан тохижуулжээ. Талбайдаа хэдэн төрлийн мод тарив?

Цагдаагийн дэслэгч Х.Энэбиш: Хэсгийн байраа өөрсдийнхөө боломж бололцоогоор тохижуулаад тохитой, тухтай газар ажиллах сайхан шүү дээ. Одоогийн байдлаар гадна талбайдаа хайлаас, шар хуайс, улаан сухай, наранцэцэг, чацаргана зэрэг зургаан нэр төрлийн 100 гаруй мод тарьсан.

Цагдаагийн дэд ахлагч Ц.Дашням: Гадна талбайд мод, ургамлаас гадна усан цөөрөм, сүүдрэвч, турник, өвөрмөц өнгө, хэлбэр дүрстэй байгалийн чулуун мандал, ажлын байран дотор 40 гаруй тасалгааны цэцэг зэрэг байгаа. Энэ нь хэсгийн байраар үйлчлүүлж байгаа иргэдийн болон дотор нь ажиллаж буй хэсгийн төлөөлөгч, бид хоёрт ч сэтгэл дүүрэн байдаг.

Эдгээр модоо хэзээнээс тарьж эхэлсэн бэ, арчилгаагаа хэрхэн хийж байна?

Цагдаагийн дэслэгч Х.Энэбиш: Мод, цэцэгсийнхээ арчилгааг бид хоёр ээлжлээд л хийдэг юм. Ургамал яг хүүхэд шиг шүү дээ. Байнгын арчилгаа хэрэгтэй байдаг. Тэр тусмаа наранцэцэгт. Наранцэцэг нь хамгийн их арчилгаа шаарддаг бөгөөд өдөрт хоёр удаа усалдаг даа.

Цагдаагийн дэд ахлагч Ц.Дашням: Арчилгаагаа бид мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч өөрсдөө хийдэг.

Танай нутгийн хөрс мод, ургамал тарихад хэр байна вэ? Хүндрэл бэрхшээл бий юу?

Цагдаагийн дэслэгч Х.Энэбиш: Дажгүй дээ. Гэхдээ бид шинээр хөрс, бордоо бэлдэж модоо суулгадаг юм. Мод, ургамал тарихад хөрс, арчилгаа хамгийн чухал байдаг. Хүндрэл бэрхшээл гээд байх зүйл бараг байхгүй. Гэхдээ малтай айл өрх их байдаг учир тарьсан мод, цэцгээ малд идүүлэхээс хамгаалах том ажил бий. /инээв/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж байна. Өнгөрсөн хавар бас эрчимжсэн дээ. Энэ үеэр шинээр мод, ургамал тарив уу?

Цагдаагийн дэд ахлагч Ц.Дашням: “Тэрбум мод” арга хэмжээний хүрээнд энэ онд 10 гаруй мод мөн наранцэцэг болон бусад мандлын цэцгүүд нэмж тарьсан.

Хэсгийн байрандаа өөр хийе гэж бодож, төлөвлөж байгаа зүйл юу байна вэ?

Цагдаагийн дэслэгч Х.Энэбиш: Манай цагдаа, бид хоёр амьдрах орчноо өөрсдийн боломж, бололцоогоороо засварлаад дуусчихсан. Энэ жил гадна талбайгаа сэтгэлдээ хүртэл сайхан тохижууллаа. Одоо бид ажлын өрөөгөө л засварлах томоохон ажилтай байна. Болно доо, болдог л юм.

Цагдаагийн дэд ахлагч Ц.Дашням: Сумдын хэсгийн байр, ажлын өрөө, амьдарч байгаа орчин тав тухтай сайхан байх нь тэнд ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчдаас шалтгаална шүү дээ. Бидний хандлага, нөөц боломж бололцоо ямар байна орчин тийм л байна.

Ярилцсанд баярлалаа. Та бүхний цаашдын ажилд амжилт хүсье!