Б.Батчимэг
Сэтгүүлч
УИХ
2022.08.30 18:43
5415
Г.Занданшатар: Асуудалд ард түмэнтэйгээ зөвшилцөж “долоо хэмжиж нэг огтлох” зарчмаар хандах ёстой

УИХ-ын 2022 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн /2022.08.30/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Байнгын хороодын даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэв. Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолыг хэлэлцэн баталж, УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлснээр УИХ-ын 2022 оны ээлжит бус чуулган өндөрлөлөө. 

Г.Занданшатар: "Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулган төлөвлөсөн асуудлаа бүрэн шийдвэрлэснээр ийнхүү өндөрлөж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 02 дугаар тогтоолоор Үндсэн хуулийн гучин есдүгээр зүйлийн 1 дэх заалтын “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн хэсгийг хүчингүй болгосонтой холбоотой асуудлыг Улсын Их Хурал энэ удаагийн ээлжит бус чуулганаараа хэлэлцэв. Ингэхдээ,

Нэгдүгээрт, Үндсэн хуулийн цэцийн энэхүү тогтоол гармагцаа хүчин төгөлдөр болсон, түүнийг шүүн хэлэлцэх боломж хуулийн хязгаарлалттайг үндэслэж;

Хоёрдугаарт, Цэцийн эцсийн шийдвэрийг хууль тогтоомжид нийцүүлэх, Улсын Их Хурал, Үндсэн хуулийн Цэцийн хооронд эрх зүйн ямар нэгэн зөрчил үүсгэхгүй байх зарчмыг баримталж;

Гуравдугаарт, Хууль тогтоох эрх мэдэл гагцхүү Улсын Их Хуралд хадгалагдах Үндсэн хуулийн заалтыг удирдлага болгож;

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эрх бүхий цорын ганц субъектийн хувьд Улсын Их Хурал Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудад зохих тодотгол хийсний үндсэн дээр Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, баталгаажууллаа.

Үндсэн хуулийн энэхүү өөрчлөлт гарсан өдрөөсөө хүчин төгөлдөр болж, Монгол Улсын Ерөнхийлөгч нотлон баталгаажуулсан учир түүнд нийцүүлэн Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулсан.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ өөрийн бүрэн эрхийн хүрээнд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд зарим өөрчлөлт оруулах тухай саналаа өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал хуулийн дагуу хэлэлцэн шийдвэрлэлээ. Шинээр томилогдсон Засгийн газрын гишүүд Улсын Их Хуралд тангараг өргөлөө.

Одоо хөгжлийн бодлогын баримт бичгүүд, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, иргэдийн хүсэж буй хүлээлтэд нийцүүлж, тулгамдсан болон бодлогын асуудлуудаа шуурхай, хурдтай шийдвэрлэж, бодит үр дүнд хүргэж ажиллах үүрэг шинэчлэгдсэн Засгийн газрын бүрэлдэхүүнд ногдож байна.

Монгол Улсын Их Хурал Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогыг бүрэн дэмжиж, гар сэтгэл нийлж ажиллахын зэрэгцээ, хяналт хариуцлага, сахилга ёс зүйг шаардаж ажиллах болно.  

Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Эдийн засгийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг шийдвэрлэх асуудлаар санал, дүгнэлт гаргаж, Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн мэдээллийг энэ чуулганаар сонссон.

Өвөлжилтийн бэлтгэл ажил, цаг үеийн асуудлаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, Эрчим хүч, Уул уурхай, хүнд үйлдвэр, Боловсрол, шинжлэх ухааны сайдуудын мэдээллийг Байнгын хороодоор сонсож, “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай”  Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилттэй танилцсан. 

Эдгээр нь Засгийн газрын ойрын үед зайлшгүй анхаарах учиртай өвөлжилтийн бэлтгэл, ургац хураалт гэх мэт онцгой чухал асуудлууд юм.

Ирэх өвөл амаргүй нөхцөл байдал үүсэж мэдэх нь судалгаа, ажиглалт, дотоод, гадаад олон хүчин зүйлээс тодорхой байна. Тиймээс мал сүргийн өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангах, хадлан тэжээлийн нөөцийг шаардлагатай түвшинд бүрдүүлэх нь чухал байна.

Түлш шатахууны үнийг тогтворжуулах, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг тогтоон барих, цахилгаан, дулааны хангамжаа тасалдуулахгүй байх, алдагдлыг бууруулах, зардлыг хэмнэхэд онцгой анхаарах шаардлагатай.

Цар тахлын дахин дэгдэлтээс сэргийлэх, эмнэлэг, боловсролын байгууллагуудын бэлтгэлийг бүрэн хангах, дотоодоос хангах боломжтой хүнсний хангамжийн найдвартай нөөц бүрдүүлэх, Төрийн хэмнэлтийн хуулийг ёсчлон хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт шалгалт хийх зэрэг чиглэлээр Улсын Их Хурал, Засгийн газар хамтарч ажиллах нь зайлшгүй шаардлага болж байна.

Тиймээс хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын байгууллагууд Улсын Их Хурлын намрын чуулган эхлэх хүртэлх хугацаанд шахуу хуваариар ажиллаж, зохих шийдвэрүүдийг гаргаж, үр дүнтэй хэрэгжүүлэх ёстойг сануулж хэлэх нь зүйтэй гэж үзэж байна. 

Сарын дараа Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган эхэлнэ. Намрын чуулганаар хэлэлцдэг уламжлалт асуудлын нэг бол ирэх жилийн улсын төсөв байдаг. 

Дэлхий бүхэлдээ хувиран өөрчлөгдөж байна. Энэ удаагийн чуулганаар хэлэлцсэн асуудлууд, иргэд олон нийт, эрдэмтэн судлаачдын санаа бодол, олон улсын шинэ нөхцөл байдал, гадаад харилцаанд үүсэж буй шинэ дэг журам, парламентыг төлөвшүүлэх, засаглалын чадавхыг сайжруулах чиглэлээрх ойрын ирээдүйн зорилго зэрэг нь биднээс асуудалд мэдлэгтэй, мэдрэмжтэй, уян хатан, шуурхай, дайчин, зоригтой, шийдэмгий хандахыг шаардаж байна.

Тиймээс Үндсэн хуулийн цэцийн удаа дараагийн шийдвэрүүд, улс төрийн намууд, зарим эрдэмтэн судлаачдаас гаргаж байгаа саналтай уялдуулан Үндсэн хуульд зарим нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал урган гарч байна. Энэ асуудлыг Улсын Их Хурал анхааралдаа авч, судалгаа шинжилгээ хийх, санал дүгнэлт боловсруулах Ажлын хэсгийг байгууллаа.

Мөн хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн харилцан хяналт-тэнцлийг хангах хүрээнд ард түмний “засаглах эрх”-ийг төлөөлөх Улсын Их Хурлын гишүүний тоо хэд байх, сонгуулийн дэвшилтэт тогтолцооны  зарчмыг Монгол Улсын Үндсэн хуулиар хэрхэн баталгаажуулах асуудлыг судлан, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон.

Эдгээр асуудалд Ажлын хэсэг, Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газар онцгой анхаарч, эрдэмтэн судлаачид, улс төрийн намууд, ард түмэнтэйгээ зөвшилцөн хэлэлцэж, “Долоо хэмжиж нэг огтлох” зарчмаар хандах ёстойг эцэст нь тэмдэглэе.

Монгол Улсын Их Хурлын 2022 оны ээлжит бус чуулган хаасныг мэдэгдье."