Гадаад мэдээ
2022.09.06 10:01
2419
Хятад улсын үйлчилгээ худалдаа 20.7 хувиар өсөв

   Оны эхний долоон сард Хятад улсын үйлчилгээ худалдаа үргэлжлэн тогтвортой өссөн талаар сурвалжлагч Хятадын Худалдааны яамнаас мэдээллээ. Үйлчилгээ худалдааны импорт экспортын нийт хэмжээ 3 их наяд 392.21 тэрбум юаньд хүрсэн нь ноднингийн мөн үеэс 20.7 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Үүнд үйлчилгээний экспорт 1 их наяд 642.24 тэрбум юань хүрсэн нь 22.8 хувиар, импорт 1 их наяд 749.97 тэрбум юань хүрсэн нь 18.9 хувиар өсчээ. Үйлчилгээний экспортын өсөлт импортынхоос 3.9 нэгж илүү байсан нь үйлчилгээ худалдааны алдагдлыг 20.1 хувь буюу 107.73 тэрбум юаниар хумигдуулсан байна. Долдугаар сард Хятад улсын үйлчилгээний импорт экспорт нийт 499.9 тэрбум юань хүрсэн нь ноднингийн мөн үеэс 15.7 хувиар нэмэгджээ.

   Оны эхний долоон сард мэдлэг шаардсан үйлчилгээний худалдаа тогтвортой өсөв хэмээн Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Шу Жюэ-тин танилцуулав. Тухайлбал оны эхний долоон сард мэдлэг шаардсан үйлчилгээний импорт экспорт 1 их наяд 418.07 тэрбум юань хүрсэн нь 10.2 хувь нэмэгдэн, үүнд мэдлэг шаардсан үйлчилгээний экспорт 795.47 тэрбум юань хүрсэн нь 12.9 хувь өсөж, экспортод цахилгаан холбоо, компьютер, мэдээллийн үйлчилгээ, бусад арилжааны үйлчилгээ нэлээд түргэн нэмэгдэн, тус тус 15.2, 14 хувь өсчээ. Мэдлэг шаардсан үйлчилгээний импорт 622.6 тэрбум юань хүрсэн нь 6.9 хувь өсөж, импортод даатгал үйлчилгээ 77.2 хувь нэмэгдсэн байна. \Уртнасан.\