Нийгэм
2022.09.19 19:09
1449
Г.ЗАНДАНШАТАР: ХҮНСНИЙ САЛБАРТ ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл-2022” нэгдсэн арга хэмжээ өнөөдөр /2022.09.19/ Төв цэнгэлдэх хүрээлэнд нээлтээ хийлээ.

Уг арга хэмжээ нь Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд 17 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд нийслэл, орон нутгийн 600 гаруй аж ахуйн нэгж, хувь хүмүүс  оролцож байна. 

“Намрын ногоон өдрүүд-Үндсэний үйлдвэрлэл-2022” нэгдсэн арга хэмжээний эхэнд үндэсний томоохон үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдийн парад болсон  юм. Энэхүү арга хэмжээг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ.

Тэрбээр, “УИХ-аас Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай 36-р тогтоолыг батлан хүнсний үйлдвэрлэлээ дэмжих, дотоодын зах зээлийг хамгаалах нөхцөлийг бүрдүүлэхээр зорин ажиллаж байна. Уг тогтоол нь таван томоохон зорилтын хүрээнд 42 үйл ажиллагааны чиглэл, 114 багц арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Монгол Улс хүнсээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах, хүнс экспортлогч улс болох шаардлагатай учир эрх зүйн шинэчлэл хийхээр төлөвлөж байна” гэлээ.

Энэ үеэр мастер тогооч нарын бүрэлдэхүүн “Алтан намар” нэртэй ногоотой хуургаар иргэдэд үнэгүй үйлчилж байсан бол Дархан-Уул аймгаас ирсэн оролцогч нар айргийн шар тостой сүүтэй  цайгаар хүмүүсийг дайлж байлаа.

Энэ жилийн хувьд хүнс үйлдвэрлэл, газар тариалангийн үйлдвэрлэл, хөнгөн үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн 2000 орчим нэр төрлийн бараа бүтээгдэхүүн дэлгэгдсэн нь  урьд өмнөх жилүүдээс илүү өргөн цар хүрээг хамарсан үзэсгэлэн болж байгаа юм.

Үзэсгэлэнд оролцож байсан үндэсний үйлдвэрлэгч, тариаланчид “Намрын ногоон өдрүүд үзэсгэлэн” жил бүр зохион байгуулагдаж хийсэн бүтээсэн зүйлээ олон түмэнд үзүүлэх, үр шимээ харуулах боломжийг олгодог хэмээн сайшааж байлаа.

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын үйлдвэрлэгч С.Цэцэгээ:

-“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл” нэгдсэн арга хэмжээнд энэ жил анх удаагаа оролцож байна. Уг үзэсгэлэнд дөрвөн төрлийн бяслагаараа оролцож байгаа. Манай бүтээгдэхүүн удаан хугацаанд хадгалагдаж болдог гэдгээрээ онцлог. Мөн эх орондоо сарлагийн сүүгээр үйлдвэрлэсэн учир илүү тансаг бөгөөд үнэ цэнтэй.  Харин үндэсний үйлдвэрлэгч бидэнд тулгардаг асуудал нь гаднын импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөж тэр дундаас танигдаж гарах. Тиймээс хүнсээ дотооддоо 100 хувь хангаж, импортын бараанаас татгалзах хэрэгтэй. Намрын ногоон өдрүүд үзэсгэлэнгийн хувьд бидний хийсэн бүтээсэн зүйлийг нийтэд таниулах маш том ач холбогдолтой гэж харж байгаа.

Өвөрхангай аймгийн Хужирт сумын үйлдвэрлэгч  Г.Хаянхярваа:

 -Намрын ногоон өдрүүд үзэсгэлэнд 10 дахь жилдээ оролцож байна. Өвөрхангай аймгийн Хужирт сумд “Хужирт цагаан” гэдэг компани байгуулаад үйл ажиллагаа явуулж байгаа. Манайх уламжлалт цагаан идээн дээрээ суурилаад 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Энэхүү үзэсгэлэнд бүх төрлийн бүтээгдэхүүний дээжээсээ авчирсан. Иргэдийн зүгээс сүүн чихрийг их сонирхон авч байгаа.  Харин ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгал аяныг цаг үеэ олсон зөв ажил гэж харж байна.  Энэ аяны хүрээнд үндэсний үйлдвэрлэгч бидэндээ ээлтэй олон хууль баталж, дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байгаа.

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын тариаланч Н.Гантөмөр:

-Намрын ногоон өдрүүд үзэсгэлэн анх 2001 онд зохион байгуулж байсан. Тэрнээс хойш жил бүр оролцож байна. Зөгийн бал, даршилсан ногоо, хүлэмжийн ногоо зэргээрээ үзэсгэлэндээ оролцож байгаа. Энэхүү нэгдсэн арга хэмжээ уламжлал болон зохион байгуулагдаж байгаад үнэхээрийн баяртай байдаг. Харин ногоо тариалахад олон асуудал тулгардаг. Эдгээрийг шийдэж дорвитой арга хэмжээ авна гэдэгт итгэж байгаа. Хүнсний хувьсгал гээд аян улс даяар өрнөж байгааг сонссон. Уг аян нь бидэнд үр өгөөжөө өгч, их зүйл хийнэ гэж хүлээж байгаа.

“Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн нь эх орны хөрсөнд ургасан Монгол ургацын дээж, орон нутгийн зан заншлыг харуулсан брэнд бүтээгдэхүүн, нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрлэгчдийн ур ухаан шингэсэн бүтээлүүдийг үйлдвэрлэгчээс хэрэглэгчид шууд хүргэдэг онцлогтой.