Д.Тунгалаг
Сэтгүүлч
Нийгэм
2022.09.20 17:54
2924
Догмидын Сосорбарамд Японы эзэн хааны одон гардуулжээ

Япон, Монгол хоёр орны ард түмний харилцан ойлголцол, найрамдалт нөхөрсөг харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдэд одон гардуулдаг уламжлалтай. Энэ удаа Монгол Улсын Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Д.Сосорбарамд Японы эзэн хааны одон хүртэхээр болсон билээ. Одон гардуулах үйл ажиллагаа өнөөдөр Японы ЭСЯ-ны Элчин сайдын өргөөнд болж, Д.Сосорбарамд “Мандах нар” одонгийн “Алт, мөнгөн туяа” зэрэглэлийн одон гардууллаа.

Тэрбээр 2007 оны “Монгол дахь Японы жил” (Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой)-ийн хүндэтгэлийн концерт болон 2015 онд Японы Зүүн хойд бүс нутагт болсон байгалийн гамшигт зориулсан хандивын тоглолт (Иватэ муж)-д оролцож байжээ. Мөн 2016 онд японы алдарт дуучин Яширо Аки Монгол Улсын соёлын элчээр томилогдох үедээ хийсэн тоглолтын ерөнхий найруулагчаар ажиллахын зэрэгцээ тоглолтод хамтран оролцжээ.

Түүнчлэн 2019 онд Соёлын харилцааны хэлэлцээр байгуулсны 45 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтод Морин хуурын чуулгатай хоршин дуулж байв. 2020 оны Япон Улсын Цог Жавхлант Эзэн хааны мэндэлсэн өдөрт зориулсан хүлээн авалтад хоёр орны Төрийн дууллыг эгшиглүүлэх зэрэг дуу, бүжгээр дамжуулан хоёр орны соёлын харилцааны гүүр болж, чухал үүрэг гүйцэтгэн, хоёр орны ард түмний харилцан ойлголцол, найрамдалт нөхөрсөг харилцааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан байна.