Нийгэм
2022.09.20 19:27
2399
Монгол Улсад анх удаа нарны эрчим хүч үйлдвэрлэх системд суурилсан ухаалаг хүлэмж нээлтээ хийлээ

Манай улсад хамгийн анхны нарны эрчим хүч үйлдвэрлэх системд суурилсан ухаалаг хүлэмж өнөөдөр /2022.09.20/ нээлтээ хийлээ. Энэхүү бүтээн байгуулалтыг “Солонгосын Эрчим хүчний технологийн үнэлгээ, төлөвлөлтийн хүрээлэнгээс  (“KETEP”) санхүүжүүлж “Нарны эрчим хүч үйлдвэрлэх системд суурилсан Монголын ухаалаг хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх” төслийг JH Energy консорциум болон Хөдөө Аж Ахуйн Их Сургууль хамтран хэрэгжүүлээд байна.

Уг ухаалаг хүлэмжид  жилийн дөрвөн улирлын турш хүнсний ногоо, цэцэг, жимс зэргийг тариалж болдгоороо онцлог бөгөөд механикжсан хэрэгслээс газар тариалангийн автомат дрон, ухаалаг систем хүртэл хувьсан өөрчлөгдөж аж үйлдвэрийн 4-р хувьсгал өрнөж байна.

Энэхүү бүтээн байгуулалтын нээлтийн арга хэмжээнд ХХААХҮЯ-ны дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, ХААИС-ийн захирал О.Баатарцогт, Олон улсын таримал судлалын хүрээлэнгийн захирал Ли Юун Бом, JH Energy компанийн мэргэжилтэн Ли Хан Жү, ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ тэргүүтэй зочид төлөөлөгч, эрдэмтэн судлаачид оролцлоо.

ХХААХҮЯ-ны дэд сайд Ж.Бат-Эрдэнэ:

-Монгол Улсад анхны ухаалаг хүлэмжийг суурилуулах аяны нээлтийн ажиллагааг өнөөдөр зохион байгуулж байна. Энэхүү хүлэмж нь нарны эрчим хүч дээр суурилсан олон улсын технологийг Монгол Улсын хүлэмжийн аж ахуйд нэвтрүүлээд байгаа бөгөөд эрчим хүчний шинэ систем юм. Уг технологийг цаашдаа Монгол Улсын дотоодын аж ахуй, нэгжүүд болон гадаадын олон шинэ технологиудтай хамтран өргөжүүлэх шаардлагатай байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр:

-Нарны эрчим хүч үйлдвэрлэх системд суурилсан орчин үеийн хөдөө аж ахуйн салбарын дэвшилтэт ухаалаг хүлэмж ашиглалтад орж байгаад туйлын бахархууштай байна. Энэхүү технологи нь Монгол Улсын эрс тэс уур амьсгал дээр анх удаа туршигдаж байгаа хүлэмжийн аж ахуй юм. Хүлэмжийн аж ахуйн гарц жилээс жилд нэмэгдэж монголын ард түмэн эрүүл, аюулгүй хүнсээр хангагдах нөхцөл боломж бүрдэх юм. Монгол Улсын Ерөнхийлөгч “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг орон даяар эхлүүлсэн энэ үетэй давхцан бүрэн автомат хүлэмж ашиглалтад орж байгаагаараа онцлогтой. Цаашлаад зөвхөн намрын ногоон өдрүүд биш жилийн дөрвөн улиралд ногоон өдрүүдийг зохион байгуулах боломжтой хүлэмжийн аж ахуйн суурь тавигдаж байгаад баяртай байна.

Олон улсын таримал судлалын хүрээлэнгийн захирал Ли Юун Бом:

-Бид уг төслийг хэрэгжүүлж байх хугацаандаа Солонгосын засгийн газраас санхүүжилт авахын тулд олон жилийн судалгааны үр дүн дээр үндэслэж төслөө боловсруулсан. Харин үндсэн талбай дээрээ ирээд хүлэмж барихад тооцоолоогүй олон бэрхшээл тулгарсан. Тэр дундаа монголын хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэхэд хаврын хүчтэй салхи маш их хүндрэл учруулж байсан. Үүний дараагаар усыг  зохистой хэрэглэх хийгээд чанарт нь тулгуурлан бордоог зөв хэрэглэх гэх мэт олон асуудлууд байна. Төслийн хүрээнд монгол шиг хатуу, ширүүн уур амьсгалтай оронд жилийн дөрвөн улирлын турш хүнсний ногоо, жимс жимсгэнэ, цэцэгт ургамлуудын тариалахад зайлшгүй судалгаа шинжилгээ хийх шаардлагатай. Мөн эдгээр судалгаа шинжилгээнд үндэслэсэн мэдээллийг тариаланчдад түгээх нь хамгийн гол тулгамдаж байгаа асуудал гэж харсан.

Энэхүү төслийн гол зорилго нь монгол орны нөхцөлд зохицсон ухаалаг хүлэмжийн аж ахуйг байгуулж халаалтын системийг экологид ээлтэй, зардал хэмнэсэн сэргээгдэх эрчим хүчний технологиор шийдэх,  сургалтаар дамжуулан чадварлаг боловсон хүчин бэлтгэх, улсад эрчим хүч нийлүүлэх зэрэг багтана.

Мөн уг төсөл нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний Агро ойн аж ахуй хөгжүүлэх ажлуудын сургалт, судалгааны суурийг тавьж иргэд, аж ахуйн нэгжүүдийг чадавхжуулахад хувь нэмрээ оруулж хамтран ажиллах боломжтой.