Улс төр
2022.09.21 13:25
2657
Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн дарга Ч.Гантулгыг чөлөөлж, албан тушаалд нь санаархаж буй хүмүүсийн "МАРАФОН" эхэлжээ  

 

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц  урд хөршийн тусламжтайгаар урагшлахаар болсон. Тус усан цахилгаан станц нь Баян-Өлгий аймгийн Баяннуур сумаас Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутагт тогтсон Шижигтийн хавцалд Ховд гол дээр баригдана.

Манай улсын баруун бүсийн эрчим хүчний хэрэглээ 35 мВт байдаг бол, Ховд голд түшиглэж байгуулах тус станц нь 90 мВт хүчин чадалтай байх юм. Өөрөөр хэлбэл Эрдэнэбүрэнгийн УЦС нь баруун бүсийн эрчим хүчний хэрэглээнээс гурав дахин их хүчин чадалтай гэсэн үг.  

Төслийг хэрэгжүүлэх зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авсан газар нутагт амьдарч буй нийт 270 өрхийг 2022-2025 онд үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэхээр болсон. Харин усан цахилгаан станцыг хавцал дээр барьснаар байгаль экологид сөрөг нөлөө үзүүлж, хавцал дээрээс буух хиймэл нуурын ундарга, хуурай газар, байгалийн үзэсгэлэнт тогтоц, ан амьтан, мал сүргийг хуу хамж, усан дор орно хэмээн зарим хүмүүс эсэргүүцэж байна.  Тэгвэл усан цахилгаан станц нь байгальд аюулгүйгээр эрчим хүч үйлдвэрлэдэг хэмээн мэргэжилтнүүд үзжээ. 

                                                                                  Үр өгөөж, үр дүн

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц нь нийт 288.5 сая ам.долларын өртөгтэй бөгөөд баруун таван аймгийг эрчим хүчээр хангана. Ингэснээр жилд бүр гадагш урсдаг олон тэрбум төгрөг Монголд үлдэнэ.  

Нөлөөлөлд өртөж буй айл өрхийн нэлээд нь хамгаалалтын бүс дотор амьдарч байгаа ч төслийг урагш хөдөлгөхийн тулд тэдгээр өрхийн амьжиргааг дордуулахгүйгээр нүүлгэн шилжүүлж, нөхөн олговрын хэмжээг бодитойгоор шийдвэрлэхэд Засгийн газрын түвшинд  анхаарч, хуулийн хүрээнд асуудлыг шийдэж байгаа аж.

                                                   

                           270 айлын хувь заяа хааш эргэж, хэдэн төгрөгийн нөхөн олговор олгох вэ? 

Орчин, нөлөөллийн бүсэд байгаа 270 айлд нөхөн төлбөр олгоно. Айл болгонд олгох нөхөн төлбөрийн хэмжээ харилцан адилгүй бөгөөд  3-130 сая төгрөгийн нөхөн олговор олгох шийдвэр гарчээ.  Мөн 270 айлын иргэн бүрд 15.2 сая төгрөг өгнө. Ойролцоогоор таван ам бүлтэй айл нөхөн олговрын 76 сая төгрөг аваад, дээрээс нь өвөлжөө, хаваржаа, бэлчээрийнхээ олговрыг авч, газраа чөлөөлж өгнө.  

         

Төслийн даргыг ажлаас нь чөлөөлж, албан тушаалд санаархаж буй хүмүүсийн "марафон" эхэллээ 

Хэдхэн хоногийн өмнө Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн дарга Ч.Гантулгыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө гэсэн мэдээлэл гарсан. Түүнийг УЦС-ын төслийг иргэдэд ойлгуулж, хангалттай мэдээлэл өгч чадаагүй гэх шалтгаанаар ажлаас нь чөлөөлсөн гэсэн юм. Харин одоогоор түүнийг чөлөөлөх шийдвэр албажаагүй бөгөөд тэрбээр ажлаа хийж байгаа аж.

Энэ талаар Ч.Гантулга “Гэхдээ удахгүй чөлөөлөх тушаал гарах байх. Энэ ажлыг авахаар санаархаж байгаа олон хүн бий. Иргэдэд мэдээлэл өгч чадаагүй гэдэг нь ажлаас чөлөөлөх үндэслэл биш” хэмээв. Ч.Гантулга яамнаас зохион байгуулсан сонгон шалгаруулалтад оролцож, тэнцсэнээр төслийн удирдагч болжээ. 

Харин Эрчим хүчний сайд Б:Чойжилсүрэн  Ч.Гантулгыг ажлаа өг хэмээн шахсан гэх бөгөөд түүний албан тушаалд очих сонирхолтой олон хүн байгаа аж. Тухайлбал, БШУ-ны сайд асан Ц.Цогзолмаа нөхөр Ч.Саранжавыгаа зүтгүүлж байгаа бөгөөд албан тушаалын "марафон" ийнхүү эхэлжээ.