Б.Батчимэг
Сэтгүүлч
Гэмт хэрэг
2022.09.21 18:33
15984
16, 17 настай охидууд залуустай бүлэглэн, фэйсбүүкээр танилцсан залуугаа дээрэмдэж, шатаажээ

Цагдаагийн байгууллагад энэ оны  есдүгээр сарын 16-ны өдрийн 21:21 цагт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Гудамжинд хүнд зодуулсан хүн хэвтэж байна”  гэх дуудлага бүртгэгджээ.

Дуудлага, мэдээллийг Чингэлтэй  дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс бүртгэн шалгахад; 26 настай, эрэгтэй “Б”-г фэйсбүүкээр танилцсан 16 настай, эмэгтэй “Р”  гэгч нь тус хороонд байрлах нийтийн байранд дуудан уулзсан байна.

Тэрээр бусадтай бүлэглэн /15 настай, эрэгтэй “Э”, 21 настай, эрэгтэй “Т”, 25 настай, эрэгтэй “Э”, 17 настай эмэгтэй “У”/ хохирогчийн бугуйн цаг, гар утас, банкны карт зэргийг дээрэмдэн банкны картын нууц дугаарыг хэлүүлэхийн тулд хохирогчийн хувцсыг нь тайлж нүцгэлэн зоджээ.

Үүгээр ч зогсохгүй түүний дээрээс нь шатамхай будаг шингэлэгч цацаж гал тавин шатаан хэргийн газраас зугтсан нөхцөл урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.

Цагдаагийн алба хаагчид тухайн хэргийг үйлдсэн этгээдүүдийг шуурхай эрэн сурвалжилж шөнийн 04:00 цагийн үед Баянзүрх дүүрэгт байрлах шөнийн цэнгээний газраас дайчлан баривчилж хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа цагдан хорих 461 дүгээр ангид 48 цаг баривчилжээ.

2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлэн “Т”-г 30 хоног, 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр “Э”, “Э” нарыг тус тус 30 хоног яллагдагчаар цагдан хорих, “Р” болон “У” нарыг цагдан хорих тухай прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж суллах тухай шүүхийн шийдвэр гарсан тул яллагчдагч “Р”, “У” нарт хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээ аван мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа талаар ЦЕГ-аас мэдээллээ.