Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2022.09.26 15:02
4179
Г.Занданшатар: Хүүхдийн мөнгө авмааргүй байна гэсэн бизнес эрхлэгчид ихсэж байгаа тул зорилтот бүлэгт шилжүүлэхээс өөр аргагүй

Өнөөдөр "Халамжаас хөдөлмөрт" хэлэлцүүлэг Төрийн ордонд болж байна.  Хэлэлцүүлгийг нээж, УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлсэн юм. 

Тэрээр; "Монгол Улсын Үндсэн хуулиар хүн бүхэн ажиллаж, хөдөлмөрлөх, эрхээ хамгаалуулах, хөдөлмөрийнхөө хөлсийг хүртэх эрхтэй, нөгөө талаас өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ төрөөс хөрж халамжлах үүрэгтэй. Гэхдээ хөдөлмөрийн насны иргэд улс орны нийгэм эдийн засагт хувь нэмрээ оруулах үүрэгтэй. 

Өнгөрсөн хугацаанд нийгмийн олон төрлийн халамж олгож ирснийг эзнээ олоогүй хавтгайрсан халамж гэсэн шүүмжлэл гарах болсон. Бодит байдал ч энийг гэрчилж байна. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалаад иргэдийнхээ амьжиргааг хамгаалах, хайраа үзүүлэх шаардлага байсан. Гэхдээ энэ цаг хугацаатай. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх хэрэгтэй. 

Манай улс 2021 оны байдлаар давхардсан тоогоор 2,5 сая иргэнд 72 төрлийн халамж, үйлчилгээ үзүүлж байна. Үүнд 1,8 их наяд төгрөг зарцуулсан байна. Улсын төсвийн 16 хувийг эзэлж байна. Үүнийг судалгаа муутай популист шийдвэрийн үр дүн гэж харж байна. 

Нийт төсвийн зарлагын цалингаас бусад зарлага 2008 онд 5.4 их наяд байсан бол 2021 онд 10.3 их наяд хүрсэн нь халамж нэмэгдсэнтэй холбоотой. Иймээс халамжийг хавтгайруулахгүй байж, зорилтот бүлэгт шилжүүлэх шаардлагатай. 

Намрын чуулганаар 2023 оны төсвийг хэлэлцэнэ. Төсвийн хуульд цар тахлыг даван туулах зорилгоор хүүхдийн мөнгийг 100,000 болгон нэмэгдүүлсэн шийдвэрийг эргэн харах шаардлагатай. Хүүхдийн тоо өсөж байна. Нийт 1.5 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгөнд зарцуулж байгаа. Энэ мөнгийг үр ашигтай зарцуулахад ямар чухал нь ойлгомжтой. 

МХАҮТ, Ажил олгогч эздийн холбооны судалгаагаар хүүхдийн мөнгө авмааргүй байна гэсэн бизнес эрхлэгчдийн тоо байнга өсөж байгаа. Ирэх оны төсвийн бодлого дээр хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт шилжүүлэхээс өөр аргагүй болно. Энэ талаар олон нийтэд зөвөөр ойлгуулах хэрэгтэй" гэлээ.