Б.Батчимэг
Сэтгүүлч
Улс төр
2022.09.26 17:19
15975
Д.Сарангэрэл: Үнэхээр ядуу буюу манай яамныхны хэлдгээр улны айлуудаас 1500 иргэнийг сонгож үсчнээр сургана

Өнөөдөр "Халамжаас хөдөлмөрт" хэлэлцүүлэг Төрийн ордонд болж байна.  Хэлэлцүүлгийг нээж, УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлсэн бол Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл 1500 өрхийг ядуурлаас гаргах бодлого, төлөвлөгөөгөө танилцуулсан юм.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл: "Зөвхөн халамж хавтгайрснаас болоод Монголчууд ажил хийх дургүй болсон байна гэдэг дүгнэлт бол өрөөсгөл гэдгийг л би дахин дахин хэлэх гээд байгаа юм. Гарцаа байхгүй бидний хүлээн зөвшөөрөх бодит үнэн бол үнэхээр хөдөлмөрийн насны хөдөлмөр хийх боломжтой хүмүүс маань хөдөлмөр хийхгүй байгаа байгаад  л бүх учир байгаа учраас халамжаас хөдөлмөрт гэдэг зорилтыг засгийн газар маань гол бодлогоо болгоод байгаа юм. Халамжаас хөдөлмөрт шилжих хүрээнд бид хэд хэдэн ажлыг төлөвлөж байна.

Чамлалттай сонсогдож магадгүй ч эхний ээлжинд 1520 өрхийг ядуурлаас гаргана. Манай яамныхан энийгээ улны айлууд гэж нэрлэдэг юм байна. Өөрөөр хэлбэл үнэхээр ядуу байгаа айл өрх гэсэн үг. Ядуу гэдэг үг хэрэглэхээ больчихсон, эмзэг бүлэг, зорилтот бүлэг гээд л байгаа.  Ямар миний найз зорилтот бүлгийн хүн гэлтэй нь биш. Ядуу гэдгээрээ явах нь л зөв байх л даа. Би тэгж бодоод байгаа юм. Зорилтот бүлгийн хүн гэхээр хүн хэр ойлгох юм байгаа юм.

Ингээд нэгдүгээр ажил маань нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр, тэтгэмж авдаг, ядуурлын төвшингөөс доогуур орлоготой 1500 өрхийг эхний ээлжинд ядуурлаас гаргах том зорилго тавьж байгаа. Ер нь ингээд зоригтой энэ алхам руу орохгүй бол болохгүй. Манай яамныхны хэлдэг улны буюу ядуурлын төвшингөөс доогуур 1500 өрхийг ядуурлаас гаргах энэ хөтөлбөрийг бид хэрэгжүүлнэ.

Товчхон хэлэхэд бол Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн үнэхээр ядуу байгаа дэмжих шаардлагатай өрхүүдээ сонгоод тухайн гэр бүлд хөдөлмөр хийх чадвартай эрэгтэй байдаг юм уу, эмэгтэй байдаг юм уу, 18-55 насны иргэдийг хамруулна.

Ингээд үсчний мэргэжил эзэмшүүлээд, үсчинд суудал түрээслүүлээд, тэр хүнд хэрэгтэй сэнсийг нь, самыг нь, хими хийх будаг, материал бодис авч өгнө. Түүнээс гадна ар гэрийг нь 2 жилийн хугацаанд харж үзээд, тухайн иргэн хөдөлмөр эрхлэх бололцоог  нь хангаж өгнө. Энэ ажлыг бид энэ оныхоо 11 сард эхлүүлчихнэ гэж үзэж байгаа. Энэ загвар маань амжилттай болох юм бол монгол улс үндэсний хэмжээнд ядуурлаас хэрхэн яаж гаргах вэ гэдэг загвараа бий болгоно" гэв.