Нийгэм
2022.09.27 11:15
2858
ЭБУЦС-ын төслийн даргаар үүрэгт ажлаа хангалтгүй хийж, ажлаасаа чөлөөлөгдсөн Ч.Саранжавыг зүтгүүлж байна

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн дарга Ч.Гантулгыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэсэн мэдээлэл гарсан ч  тэрбээр одоогоор ажлаа хийж байгаа. Түүнийг чөлөөлөх асуудал бүрэн албажаагүй ч 10 гаруй жил царцсан  Эрдэнэбүрэнгийн УЦС-ын дараагийн төслийн даргаар томилогдох хүсэлтэй олон хүн байна. 

Тэдний нэг нь БШУ-ны сайд асан Ц.Цогзолмаагийн нөхөр Ч.Саранжав. Түүнийг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн зүтгүүлж байгаа бөгөөд одоогийн  төслийн дарга Ч.Гантулгийг "ажлаа өг" хэмээн шахсан гэнэ. Ийн Ц.Цогзолмаагийн нөхөр Ч.Саранжавыг томилохоор зүтгүүлэх болсныг эрчим хүчний салбарынхан шүүмжилж байна.  

Ч.Саранжав гэж хэн бэ?  2007 онд Түлш, эрчим хүчний яаманд Түлш, эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар, 2012 онд УБЦТС төрийн өмчит хувцаат компанийн захирлаар, 2018 онд “Улаанбаатар дулааны сүлжээ" компанийн Гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байжээ. 

Харин түүнийг  “Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн ТУЗ 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаараа тус компанийн Гүйцэтгэх захирлын албан тушаалаас нь чөлөөлсөн байна.  Учир нь  2019 оны 4-р сарын 25-ны өдрийн хуралдаанаар Ч.Саранжавын 2018 оны гэрээний биелэлт хангалтгүй, ТУЗ-ийн шийдвэрийг биелүүлдэггүй, зүй бус харьцдаг, хүнд суртал гаргасан, үүрэгт ажлаа муу хийсэн гэж дүгнэсэн аж. 

Ц.Цогзолмаагийн хувьд ч гэсэн УИХ-ын гишүүн, БСШУ-ны сайдаар ажиллаж байхад нь нөхөр, хүү, охин нь төрийн албанд удирдах албан тушаал хашиж байсан нь олны анхаарлыг татдаг. 

Тодруулбал, хүү С.Түвшинтөр нь  2016 оны 10 дугаар сард Зам, тээврийн хөгжлийн яамны харъяа Далайн захиргаа ТӨҮГ-ын даргаар, охин С.Баясгалан нь БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын даргаар тус тус томилогдсон байна. Энэ нь тухайн үеийн "60 тэрбумын" схем хэрхэн хүчтэй явагдаж, албан тушаалын бялууг  тэнцүү хуваасны бас нэгэн жишээ.