Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Засгийн газар
2022.09.27 13:36
15992
Д.Амарбаясгалан: Ерөнхий сайд захирамж гаргаж, Д.Сарангэрэл сайдыг огцрууллаа

Өчигдөр ХНХ-ын сайд Д.Сарангэрэл Халамжаас Хөдөлмөрт хэлэлцүүлгийн үеэр нэн ядуу айл өрхийг манай яамныхан "Улны айл өрх" гэж нэрлэдэг хэмээн хэлсэн нь ард иргэдийн бухимдлыг дээд цэгт хүргээд буй. Тэгвэл өнөөдөр Д.Сарангэрэл нь хэлсэн үгэндээ уучлалт гуйсан бөгөөд Bottom гэх үгийг мэргэжлийн хүмүүс улны айл өрх гэж орчуулдаг хэмээн тайлбарласан. 

Иргэд олон нийтийн зүгээс уучлалт гуйх хангалтгүй бөгөөд Д.Сарангэрэл нь хэлсэн үгнийхээ төлөө огцрох ёстой хэмээн шаардсан юм.

Ингээд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан уг асуудлаар хэвлэлийн хурал хийж Ерөнхий сайд захирамж гаргаж, Үндсэн хууль зөрчсөн Д.Сарангэрэл сайдыг үүрэгт ажлаас нь огцруулсан талаар мэдэгдлээ.

Тэрээр, "Монгол улсын ЗГ-ын гишүүн, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайд Д.Сарангэрэлийн хийсэн мэдээлэл дундаа гаргасан алдааг монголын ард түмэн их хэмжээгээр шүүмжиллээ. Өчигдөр, өнөөдөр гээд хоёр өдрийн туршид  монголын ард түмэн сайдын хэлсэн мэдэгдэлтэй холбоотой ихээхэн шүүмжлэлийг Монгол Улсын ЗГ-т болон салбар эрхэлсэн сайдад хүргүүлж байгаа юм.

Үүнтэй холбогдуулан монголын ЗГ-ын зүгээс ард иргэддээ бухимдал үүсгэсэндээ хүлцэл өчиж байна.

Д.Сарангэрэл сайд нь Монгол Улсын Үндсэн хуулиудын тодорхой зүйл заалтуудыг зөрчсөн.  Үндсэн хуулийн 14-р зүйлд хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ эрхэлсэн ажил,албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно гэж заасан байдаг. 

Мөн 19 дүгээр зүйлд төр хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцдаг эдгээр заалтыг хариуцдаг. Эдгээр заалтыг ЗГ-ын гишүүний хувьд улс төрийн хариуцлагатай албан хаагчийн хувьд гаргасан учраас Ерөнхий сайд үндсэн эрхийнхээ хүрээнд дараах захирамжийг гаргасныг уншиж танилцуулъя. 

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамж: Монгол Улсын ЗГ-ын гишүүнийг огцруулах тухай.

Монгол улсын үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол улсын ЗГ-ын 23 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 2 дахь заалтыг тус тус үндэслэн Д.Сарангэрэлийг Монгол Улсын ЗГ-ын гишүүн, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайдын үүрэгт ажлаас огцруулсугай хэмээн тушаал гаргалаа.

Ерөнхий сайдын захирамж гарсантай холбогдуулж Үндсэн Хуулиараа УИХ, Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөх албан бичгийг ЗГ-аас хүргүүлдэг. Ингээд огцруулах ажиллагаа өнөөдрөөс эхэлж байгааг та бүхэнд мэдэгдье" гэлээ.