Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Гадаад мэдээ
2022.09.28 11:02
690
Иргэд цөмийн цахилгаан станцын хаягдал усыг далай руу цутгах төслийг эсэргүүцэж байна

Фүкүшимагийн 1-р цөмийн цахилгаан станцын хаягдал усыг далай руу цутгах төслийг эсэргүүцэн, шийдвэрлэх бусад арга зам олохыг шаардаж, Токиогийн цахилгаан эрчим хүчний компани болон Японы эдийн засаг аж үйлдвэрлэлийн яамд 42 мянган хүн нэгдэн гарын үсгээ хүргүүлжээ.

Эдгээр эсэргүүцэгчдийн зонхилох нь Японы далай дагуух Иватэ, Ми-Яги, Фүкүшима мужаас ирсэн байна. Тэд "Фүкүшимагийн загасны аж үйлдвэрлэл бүх талаар сэргэх, Ми-Ягигийн загасны аж үйлдвэрлэл хийгээд бүс нутгийн эдийн засаг зэрэгт сөргөөр нөлөөлөхвий гэж бид санаа зовж байна”гэжээ. Энэ оны 6 дугаар сараас эхлэн Япон даяар ойролцоогоор 221 мянган хүн Фүкүшимагийн 1-р цөмийн цахилгаан станцын хаягдал усыг далай руу цутгах төслийг эсэргүүцэн нэгдэж гарын үсэг зурсныг хүлээн авсан талаар Киодо агентлаг мэдээлжээ.

2021 оны 4 дүгээр сард Японы засгийн газар 2023 оны хавраас Фүкүшимагийн цөмийн хаягдал усыг далай руу цутгахаар төлөвлөж буйгаа зарласан. Бохир усыг далай руу цутгах үйлдлээ “цагаатгах”-ийн тулд, цөмийн бохир усыг олон цөмийн боловсруулалтын систем (ALPS)-ээр цэвэршүүлсний дараа аюулгүй болох бөгөөд “ууж болно” хэмээн Японы улс төрчид хэлж байсан юм. Нэг жилийн хугацаанд энэхүү өөрийгөө болон өрөөл бусдыг хууран мэхэлсэн яриа нь бодит байдлын өмнө худлаа гэдэг нь илчлэгдэж, бүр түүнчлэн үүнийг өөрсдөө ч хүлээн зөвшөөрсөн байна.

Саяхан Токиогийн цахилгаан эрчим хүчний компанийн нийтэлсэн мэдэгдэлд тэмдэглэснээр, ALPS системийг ашиглан цэвэршүүлсний дараа Фүкүшимагийн цөмийн цахилгаан станцын цөмийн хаягдал усны дээжид хийсэн шинжилгээний дүнд, стронций-90-ийн хэмжээ нэг үе Японы үндэсний стандартын 3 дахинтай тэнцсэн байна.

Үүнээс өмнө буюу өнгөрөгч оны 6 дугаар сард Токиогийн цахилгаан эрчим хүчний компанийнхан Фүкүшимагийн цөмийн хаягдал бүхий усан дахь цөмийн элемент “тритиум”-ийг шүүх технологийг нийгэм нийтээс илээр хайсан юм. Эдгээр нь Японы талын ярьж буй цэвэршүүлсний дараах цөмийн хаягдал ус “аюулгүй” гэдэг нь харж байгаад худлаа ярьсан зүйл гэдгийг бүрэн гэрчилсэн бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгээс Японы талын статистикийн найдвартай байдал, цэвэршүүлэх төхөөрөмжийн үр дүнтэй байдал, хүрээлэн буй орчинд үзүүлэх тодорхойгүй байдал зэрэгт эргэлзээтэй байгаа юм. Түүнчлэн Японы ард иргэд нь бохир усыг далай руу зайлуулах шийдвэр гаргасан засгийн газраа эсэргүүцэх нь ч зөв гэв.

2011 онд Фүкүшимагийн 1-р цөмийн цахилгаан станцад хамгийн өндөр зэрэглэлийн цөмийн осол гарснаас хойш их хэмжээний цөмийн бохирдсон ус бий болж, улмаар Японы арав гаруй бүс нутагт хөрсний болон далайн усны бохирдол үүсжээ. Эдгээр газруудад үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүн “цөмийн бохирдолтой хүнс”-ний жагсаалтад орж, олон орон, бүс нутгууд импортлохыг хоригложээ.

Саяхан Хятадын Тайваний бүс нутаг Японы Гунма мужаас импортолсон конжак гурилаас цацраг идэвхт бодис “цезий-137", "цезий-134 ба цезий-137-ийн нийлбэр”-ийг илрүүлсэн нь Тайваний иргэд олныг цочирдуулж, уур хилэнг нь дэгдээжээ.

Эдүгээ Фүкүшимагийн 1-р цөмийн цахилгаан станцад 1.3 сая гаруй тонн цөмийн бохирдсон усыг хадгалж байна. Цөмийн бохирдсон ус нэмэгдэхийн хэрээр Японы засгийн газар далай тэнгис бол “өөрөө цэвэрших чадвартай” гэгч яриа гаргаж, бохир усыг далай руу зайлуулахаа түргэтгэн, мөнгө зардал, хүн хүчинд хамгийн хэмнэлтэй ийм арга хэрэглэхийг зэхэж байна. Нэн олон орон, бүс нутгийн иргэд олонд асар их эрсдэл нүүрлэж буйг энэ нь харуулж байгаа юм. Германы Далай тэнгисийн шинжлэх ухааны судалгааны байгууллагын тооцоолсноор, далай руу цутгавал 57 хоногийн дотор Номхон далайн дийлэнх бүсэд тарж, гуравхан жилийн дотор цөмийн хаягдал усны цацраг идэвхт бодис АНУ, Канад, Австралид нөлөөлж эхлэх юм байна. Ногоон энх тайвны байгууллагын цөмийн мэргэжилтэн өмнө нь хэлэхдээ: Японы цөмийн хаягдал усанд агуулсан нүүрстөрөгч-14 элемент хэдэн мянган жилийн турш эрсдэл дагуулах бөгөөд бүр ч генийн гэмтэл үүсгэх магадлалтай гэжээ.

 Фүкүшимагийн цөмийн хаягдал усыг шийдвэрлэх бол дан ганц Японы өөрийн орных нь хэрэг бус, харин дэлхийн бөмбөрцгийн далай тэнгисийн экологийн орчны аюулгүй байдал хийгээд улс орнуудын ард түмний амь нас эрүүл мэндэд холбогдох аж. Иргэд олны саналаас зөрчиж болохгүй.

Өөрийн орных нь ард иргэдийн нэгдсэн эсэргүүцэл, эсвэл хөрш орнуудын иргэд олны хатуу эсэргүүцлийн аль алинд нь Японы засгийн газар чихгүй дүлий мэт авирлаж болохгүй, заавал чухалчлан үзэж хариулт өгч, цөмийн хаягдал бүхий усыг далай руу цутгах эрсдэлтэй төлөвлөгөөгөө нэн даруй зогсоох хэрэгтэй юм.