Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2022.09.28 13:57
8197
Гарал үүсэл нь тодорхойгүй Хятад цемент 660,000–700,000 төгрөгөөр зарагдаж байна

Хөтөлийн Цемент Шохой ТӨХК-ийн тэг зогсолт болон гэнэт “ухаан орсон” Дарханы замын бүтээн байгуулалтаас үүдэн энэ намар цементийн үнэ тонн нь 600,000-700,000 төгрөг болж нэмэгдэж, ченжүүдийн гарт өндөр үнээр дамлагдан зарагдаж эхэлсэн тул Засгийн газраас цементийн төрлийн бүтээгдэхүүний импортын гаалийн албан татварыг он дуустал ТЭГ-лэсэн.

Гэтэл Хятадаас орж ирж байгаа цементийн үнэ нэг тонн нь 700,000 төгрөгт хүрээд байгаагаас гадна чанар, стандартын ямар ч хяналт, шалгалтгүйгээр зах зээлд нэвтэрч байна. Засгийн газар огцом өссөн эрэлтийг бүрэн хангах зорилгоор урд хөршийн цемент үйлдвэрлэгчдийг дэмжсэн болов ч энэ нь үнэ бууруулах бодит шийдэл болж чадсангүй. Зөвхөн нийлүүлэлтийн хомсдолыг арилгахад анхаарснаас биш, чанарыг нь “хөсөр” хаясны гор ийнхүү гарч эхлэв.

Түүнчлэн чанар муутай, үнэтэй цементээр Дарханы замыг дуусгаж, хэдхэн жилийн насжилттай зам тавьж илүү их эрсдэл үүрч байна. Эдийн засагчид ч урд хөршөөс цемент оруулж ирж байгаа нь валютын гадагш чиглэх урсгалыг нэмэгдүүлж, төгрөгийн ханшийг улам унагах эрсдэлтэй гэдгийг сануулсаар байгаа юм.

Үндсэндээ улсын дэмжлэгтэй “Цемент Шохой” ТӨХК-ийн буруу менежментээс болж үнийн хөөрөгдөл эхэлсэн гэдгийг зах зээл дэх бүх л тоглогчид мэдэж байгаа ч ямар нэг хариуцлага тооцох тогтолцоо алга, харин ч хувийн хэвшлээ улам боогдуулан импортын татвараа тэглэх шийдвэрийг гаргав.

Үндэсний үйлдвэрлэгч компаниудын хувьд зах зээлийн бодит эрсдэл, инфляц, ам.долларын өсөлт болон тээвэр логистикийн асуудалтай нүүр тулж байгаа ч, ажлын байр бий болгож татвараа төлөөд явж байгаа. Дээр нь тэдэнд ам.долларын ханшийн өсөлтөөс үүссэн Хөгжлийн банкны зээлийн нэмэлт зардал байгаа ч, өр төлбөрөө тогтмол цаг хугацаанд нь төлж байгаагаа удаа дараа мэдээлж байсан.

Гэтэл татваргүй орж ирж байгаа, чанар стандартын баталгаагүй Хятад цементийн үнэ “тэнгэрт хадлаа”. ЗГ хэтэрхий шахамдаж буруу шийдвэр гаргасан нь үүнээс тодорхой харагдаж байгаа юм.

Асуудлын гол нь Цемент Шохой ТӨХК-ийн буруу менежмент, 4 дэх жилийнхээ нүүрийг үзэж буй Дарханы замын ажлыг гэнэт шахаж, эрэлтийг огцом нэмэгдүүлсэнд байна. Эрх баригчдын тооцоо, судалгаагүй энэхүү шийдвэр хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нь битгий хэл зах зээлд савлагаа үүсгэж, эдийн засгийн айсуй хямралыг улам түргэсгэлээ!