Засгийн газар
2022.09.29 08:47
1471
Хувийн хэвшлийн төсөл "зогсож", гүйцэтгэгч компаниуд зээлийн хүүндээ "баригдаж" дууслаа

Дарханы төвөөс 4 км-ын зайд дөрвөн жилийн өмнө баригдсан “Дарханы арьс ширний цогцолбор” төслийн ажил зогссон. Тус үйлдвэр нь жилд 10 сая ширхэг  арьс боловсрууж, гадны зах зээлд гаргах хүчин чадалтай. Гэвч хажууханд нь яг ижил чиглэлээр үйл ажиллагаа явуулах “Дарханы арьс ширний цогцолбор бүтээн байгуулалт” нэртэй ТӨХК-ийг байгуулж, ТЭЗҮ-г нь хийлгэхээр ажилдаа орсон юм.  

Тодруулбал, МУ-ын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 185-р тогтоолоор Дарханы арьс ширний цогцолбор төслийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил, эзэмшил, ашиглалтыг хариуцах “Дарханы арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” ТӨХК-ийг байгуулжээ.

Харин “Дарханы арьс ширний цогцолбор” төслийн бүтээн байгуулалтын ажил 60 гаруй хувьтай явж байсан ч төр нь хувийн хэвшлээ дэмжихгүй , дээрэмддэгийн бас нэгэн жишээ үргэлжилж байна. Дээрэмдүүлэхгүй, зах зээлээ өгөхгүй гэж тэмцсэн захирлыг нь цагдан хорьж байгаа нь хувийн хэвшлүүдийг булаах, дээрэмдэх төрийн дээрэм цагаандаа гарсныг харуулж байна. 

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Төрийн бодлого тогтворгүй, сонгуулийн циклээр улсын хөгжил, нийгмийн байдал өөрчлөгддөгийг болих ёстой. Сонгуулиар шийдвэр гаргагчид өөрчлөгдсөн ч төрийн бодлого хэвээр цаашаа үргэлжилдэг байх нь зүйн хэрэг. Одоо бол төрд илүү боломж олгосон хууль эрхзүйн орчин бий болчихоод байна. Үүнийг засахын төлөө явна. Төр дээр бүх зүйлийг төвлөрүүлдгээ болино, төр бизнес эрхэлдэгээ болино” хэмээн мэдэгдсэн.

Засгийн газраас төр  хувийн хэвшилтэйгээ өрсөлдөхгүй, аж үйлдвэрийг нь булаахгүй, харин ч цаашид “хамтарна”, “дэмжинэ” хэмээн “Шинэ сэргэлтийн бодлого”-доо тусгасан ч эсрэгээрээ  өнөөдрийн байдлаар  хувийн хэвшил 57 тэрбум төгрөгөөр бүтээн байгуулалт хийсэн  байхад  эрх баригчид дээрх тогтоолоо хэрэгжүүлсэнгүй.

Өөрөөр хэлбэл арьс, шир нь Эмээлтийн зах дээрх үйлдвэрүүдэд өмхийрч муудан, хогийн цэг дээр хэвтэж байгаа “өрөвдөлтэй” дүр зургаасаа гарч чадахгүй, хувийн хэвшлийн бүтээн байгуулалт балгас болон замхрахад хүрлээ.

Хувийн хэвшлийг булаах суурь ХХААХҮ-ийн сайд Ц.Мэндсайхан тавьж, үр дүнд хүрч, дорвитой ажил хийлгүй суудлаасаа буусан. Учир нь тэрбээр  Засгийн газрын тогтоолыг гажуудуулж, эсрэгээр нь ашиглаж, хувийн хэвшилтэйгээ яг ижил үйлдвэр барихаар ажлаа эхлүүлсэн байсан юм. Тодруулбал, ТӨХК-ийн нэрээр жилд 4.4 сая ширхэг арьс шир боловсруулах үйлдвэр барихаар Италичуудаар тэрбум орчим төгрөгөөр ТЭЗҮ хийлгэсэн байна.  

Мөн энэхүү ТӨХК нь байгуулагдсан цагаасаа л хууль зөрчсөөр иржээ.

Нэгдүгээрт, Компанийн дүрэмд 20 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй хэмээн Улсын бүртгэлд бүртгүүлсэн бол шилэн дансандаа 4 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй хэмээн мэдүүлжээ. Хөрөнгийн хэмжээг чухам яагаад өөрөөр мэдүүлэв?

Хоёрдгаар, Засгийн газрын тогтоолоор “дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил, эзэмшил, ашиглалтыг хариуцах” хэмээн байгуулсан байтал үйлдвэр барих, ашиглалтад оруулах хэмээн өөрчилсөн нь хачирхалтай.

Манай улсад жилд 25 сая ширхэг арьс шир бий болж, үүний 15 сая ширхэг нь хог дээр хаягддаг.  Тиймээс цаашид үүнийг л боловсруулж, эдийн засгийн эргэлтэд оруулж, магадгүй эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортод гаргах боломж ч бий. Уул уурхайн бүтээгдэхүүнээс гадна Монгол улсыг чирэх бас нэгэн чухал салбар. Түүнчлэн 180 мянган малчин өрхийн амьжиргаанд бодит дэмжлэг бий болно.

Өдгөө хувийн хэвшлийн төсөл зогсож, гүйцэтгэгч компаниуд зээлийн хүүнд баригдсан "хүнд" цаг үед Шинэ сэргэлтийн бодпогоо эргэн харж, төр бизнес эрхлэхгүй гэдэг үгэндээ эзэн болоорой.