Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2022.09.30 08:30
856
Манай улсад найм хоногийн дотор ОХУ-аас 6268 иргэн орж иржээ

ОХУ цэргийн дайчилгаа зарласан өдрөөс хойш манай улсад Алтанбулаг боомтоор ОХУ-ын 6,268 иргэн хилээр орж иржээ. 

Тодруулбал, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын 21-нд цэргийн дайчилгаа зарласны дараа Монгол руу нэвтрэх гэсэн орос иргэд хилийн боомт дээр урт дараалал үүсгэсэн төдийгүй хил нэвтэрсэн ОХУ-ын иргэдийн тоо хоногийн дотор гурав дахин нэмэгдсэн юм. 

Дайчилгаа зарласны маргаашаас буюу есдүгээр сарын 22-ны 08:00 цагаас есдүгээр сарын 29-ний 08:00 цаг хүртэлх хугацаанд манай улсад ОХУ-ын 6,268 иргэн орж ирсэн бол 1,107 иргэн буцаж гарсан талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдээлсэн. 

Тус байгууллагаас өгсөн мэдээллээр "Есдүгээр сарын 15-21-нийг хүртэл хугацаанд манай улсын хилээр орж, гарсан ОХУ-ын иргэдийн тоонд их зөрүү байгаагүй. Алтанбулаг боомтоор өдөрт ОХУ-ын 160-200 гаруй иргэн орж ирж, мөн адил тооны эсвэл илүү их иргэн буцаж гардаг байсан. Харин есдүгээр сарын 22-ноос эхлэн хөдөлгөөн огцом эрчимжиж, манай улсад орж ирэх ОХУ-ын иргэдийн тоо өссөн байна.