Ж.Одонтуяа
Сэтгүүлч
Нийслэл
2022.09.30 13:11
3713
Нийслэлийн 2023 оны хөгжлийн төлөвлөгөөг баталлаа


Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VIII хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд нийслэлийн 2023 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцсэн юм. Уг төлөвлөгөөнд хүний хөгжил, эдийн засаг, засаглал, ногоон хөгжил, нийслэл ба бүс, орон нутгийн хөгжил, Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах бодлого гэсэн 6 бүлэг, 21 зорилт, 432 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ. Эдгээр арга хэмжээг нийт 2,609.3 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр тооцсон байна. Үүнээс улсын төсвийн хөрөнгөөр 286.6 тэрбум төгрөг, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 934.6 тэрбум, гадаадын зээл тусламжаар 1,043.8 тэрбум, төр хувийн хэвшлийн түншлэлээр 284.6 тэрбум бусад эх үүсвэрээс 59.5 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Энэ нь 2022 оны хөгжлийн төлөвлөгөөнөөс 624.4 сая төгрөгөөр илүү дүн юм.

 Дээрх төлөвлөгөөг боловсруулахдаа төлөвлөлтийн “дээрээс доош, доороос дээш” чиглэх зарчмыг баримталсан. Ингэхдээ Монгол Улсын хөгжлийн урт болон дунд хугацааны хөгжлийн баримт бичгүүдтэй уялдуулсныг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн хэллээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Нийслэлийн ИТХ дахь МАН болон ХҮН намын төлөөллөөс санал дүгнэлтээ танилцуулсан. ХҮН намын хувьд автозамаас гадна явган болон дугуйн замыг төсөлд тусгаснаас хоёр дахин нэмэгдүүлэх саналыг гаргалаа. Мөн нийслэлийн түргэн тусламжийн автомашины парк шинэчлэлийг нэмэх, хүүхэд залууст программ хангамж, роботын сургалтыг олгох хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжийг сайжруулах саналыг хэлсэн юм.

Мөн Нийслэлийн ИТХ дахь Ажлын хороодын танилцуулгыг хийсэн. Үүний дараа төлөөлөгчид асуулт тавьж, Нийслэлийн Засаг даргын орлогч болон харьяа газар агентлагийн удирдлагууд холбогдох хариултыг өглөө.

Төлөөлөгч Б.Эрдэнэсүх: Нийслэлийн төр захиргааны байгууллагын анхан болон дунд шатанд ажиллаж буй алба хаагчдын цалинг хэзээ, хэрхэн нэмэх вэ. Анхан шатанд ажиллаж буй төрийн албан хаагч 600 гаруй мянган төгрөгийн цалинтай. Өргөн хэрэглээний үнийн өсөлттэй харьцуулахад дээрх хөлсөөр хөдөлмөр эрхлэх ямар ч боломжгүй тул нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын алба хаагчдын цалинг хэрхэн нэмэхээр төлөвлөж буй талаар хариулт өгнө үү?

НЗДТГ: 2022 оны нийслэлийн төсвийг батлахдаа төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэлд 14 тэрбум гаруй төгрөг төсөвлөсөн. Гэвч Сангийн яам болон ХНХЯ-наас албажуулаагүй учраас тодотголоор дээрх хөрөнгийг буцаан татсан. 2023 оны төсөлд мөн цалингийн нэмэгдлийг тусгах бөгөөд холбогдох яамдаас албажуулбал нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын алба хаагчдын цалинг нэмэх бололцоотой.

Төлөөлөгч Т.Батцогт: Баянзүрх дүүрэг хүн ам ихтэй. Гэвч тус дүүргийн спорт цогцолборын барилгыг сүүлийн 8 жил барьж дуусаагүй байна. Харин хөгжлийн төлөвлөгөөнд Багануур, Сүхбаатар дүүрэгт спорт цогцолбор барихаар төсөв суулгасан байна. Үүн дээр барилгын ажлын гүйцэтгэл нь 80-90 хувьтай үргэлжилж буй Баянзүрх дүүрэг дэх цогцолборын санхүүжилтийг нэмж баталж болох уу?

З.Төмөртөмөө / Засаг даргын нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч/

Шинэ хөрөнгө оруулалтын төслүүд нийслэлийн болон улсын төсөвт суухгүй байх зарчмыг Засгийн газрын түвшинд барьж байгаа. Сүхбаатар, Багахангайн спорт цогцолборын санхүүжилтийн хувьд он дамжин хэрэгжиж байгаа.

Төлөөлөгч Ү.Оюунзул: Хөгжлийн төлөвлөгөөнд ногоон хөгжлийн бодлогод нэлээн ач холбогдол өгч байна. Бид  “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлсэн. Нийслэл хотын хэмжээнд 120 сая мод тарих үүрэг хүлээсэн. Энэ үүргээ хэрхэн биелүүлж, үндэсний хөдөлгөөнд Улаанбаатарчууд ямар оролцоотой байх талаар төлөвлөгөө төсөлд тусгасан зүйл бий юу? 

 З.Төмөртөмөө / Засаг даргын нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч /

Нийслэлийн бүх харьяа агентлаг, хувийн хэвшлийнхэн мод тарих хөдөлгөөнд идэвхтэй хамрагдаж байгаа. Хамгийн гол нь мэргэжлийн арга зүйгээр ханган ажиллах нь чухал юм. Хөгжлийн төлөвлөгөөнд  “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай 1 тэрбум төгрөгийг тусгасан. Цаашид энэ санхүүжилтийг нэмэх бодлого барьж ажиллах болно. Мөн Нийслэлийн байгаль орчны газарт үүсээд буй хүний нөөцийн доголдлыг арилгаж ажиллана.

Төлөөлөгч М.Тулгат: Төрийн өмчит сургуулиудын чанарыг тэгшитгэх ямар бодлого байгаа вэ. Энэ хүрээнд баримталж ажиллах тусгай бодлого бий юу?

Г.Амартүвшин /Нийслэлийн Боловсролын газрын дарга/

 Засгийн газраас багшийн ажлыг үнэлэх, хөгжүүлэх зохион байгуулалтыг өөрчилсөн. Энэ хичээлийн жилээс багшийн ажлыг хөндлөнгөөс үнэлж, багшийг хөгжүүлэх зардлыг сургуулиуд руу нь шилжүүлж байна. Хувь хүний, мэргэжлийн, мэргэшлийн гэсэн ангиллын хүрээнд шалгарсан модулийн дагуу багш нарыг хөгжүүлэх бодлогыг барина. Сургалтын чанарын ялгааны суурь хүчин зүйл нь багшийн чадвараас хамаарч буй тул нийслэлийн хэмжээнд сургуулиуд, багш нар хоорондоо хамтарч ажиллах зохицуулалтыг хийж байна.

Төлөөлөгч Б.Мөнхцэцэг: Улаанбаатар хотын хогны менежментийг сайжруулах чиглэлээр хөгжлийн төлөвлөгөөнд дорвитой ажил тусгаагүй байна. Зөвхөн төвлөрсөн хогийн цэгт нөхөн сэргээлт хийхээс өөр ямар дорвитой арга хэмжээг авах вэ?

Б.Мишээлт /Нийслэлийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга/:Нийслэлийн хэмжээнд гадаадын зээл тусламжаар энэ чиглэлд хоёр төсөл хэрэгжиж байгаа. Хатуу хог хаягдлыг дахин боловсруулах, болон хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төслүүдийг хэрэгжүүлснээр хогийн ландшап хийх, хогийн савны тоог нэмэгдүүлэх, ангилан ялгах, автомат төхөөрөмж, дэвшилтэт технологи бүхий хогийн савыг байршуулна. 

Төлөөлөгч Д.Энхтуяа: Нийслэлийн иргэдэд эрүүл мэндийн эрт илрүүлгийг эрчимжүүлэхээс гадна энэ салбарын эмч ажилтнуудын хүний нөөцийн хувьд ямар бодлого баримтлах вэ? Энэ талаар хөгжлийн төлөвлөгөөнд ямар байдлаар тусгасан бэ?   Б.Бямбадорж /НЭМГ-ын дарга /

Жил бүр эрүүл мэндийн хөгжлийн төвд үндсэн мэргэжлийн эмч бэлтгэх сургалт зохион байгуулдаг. Сувилагчийн хүрэлцээний тухайд зөвхөн манай улс бус дэлхийн хэмжээнд хүний нөөцийн дутагдал үүсээд байна. Эрүүл мэндийн салбар сүүлийн хоёр жил гүйцэтгэлээр санхүүжиж байгаа. Эмч мэргэжилтнүүдийн нийгмийн асуудлыг шийдэх хүрээнд орон сууцны урьдчилгаа олгох болон бусад арга хэмжээг хэрэгжүүлж байна. Харин резиндент эмч нар урьдчилсан шалгалтад тэнцсэн тохиолдолд ажлын байраар хангана. Мөн төрийн сангийн зээлээр сурсан бол тухайн байгууллагаас зээлийг нь төлж, таван жил тогтвортой ажилллах нөхцөлтэй гэрээ байгуулах зэрэг арга хэмжээг авч байна.   

Төлөөлөгч Б.Нэргүй: Налайх дүүрэгт нийслэлийн төсвийн хөрөнгөөр барьж буйхоёр зам хэзээ ашиглалтад орох вэ. Мөн тус дүүрэгт ашиглалтын шаардлага хангахгүй болсон хоёр барилгыг дахин төлөвлөж байгаа. Шинэ барилга хэзээ ашиглалтад орох вэ? 

Г.Баярсайхан / Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга /

Налайх дүүргийн нэг замын ажлын бүтээн байгуулалт дууссан. Өнөөдөр урьдчилсан үзлэгийг явуулж, комисс ажиллаж байна. Хоёр дахь замын хувьд хучилтын ажил эхлэхэд бэлэн болсон. Ийнхүү хэлэлцсэний эцэст Нийслэлийн 2023 оны хөгжлийн хэлэлцэн баталлаа.