Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2022.09.30 17:35
7936
Урд хөршөөс орж ирсэн цемент чанар, стандартын шаардлага хангасангүй

Засгийн газар есдүгээр сарын 16-ны өдөр хуралдаж, цемент болон цементийн төрлийн бүтээгдэхүүний импортын гаалийн албан татварыг он дуустал тэглэх шийдвэрийг гаргасан. Энэхүү шийдвэрийг гаргаснаар 500-600 мянган төгрөгт хүрээд байгаа цементийн үнийн өсөлт 400 мянга орчимд буух бүрэн боломжтой гэж үзсэн.

Гэвч асуудал ингээд шийдэгдсэнгүй. Хятадаас орж ирж байгаа цементийн үнэ нэг тонн нь 700,000 төгрөгт хүрээд байгаагаас гадна чанар, стандартын шаардлага хангахгүй, ямар ч хяналт, шалгалтгүйгээр зах зээлд нэвтэрч байгаа талаар бид өмнө нь эрэн сурвалжилж мэдээлсэн.

Огцом өссөн эрэлтийг бүрэн хангах зорилгоор арга хэмжээ авч буй мэт болов ч Хятадын цемент үйлдвэрлэгчдийг дэмжиж Үндэсний үйлдвэрлэгчдээ хөсөр хаясан гэхэд хилсдэхгүй.

Урд хөршөөс татваргүй нийлүүлэгдэж буй цемент чанар, стандартын шаардлага хангахгүй байгаагаас үүдэн хэдхэн жилийн настай, чанаргүй зам барилга баригдаж, түүнээс гарах эрсдэл хэтэрхий их байгаад асуудлын гол учир байгаа юм.

Албан ёсны итгэмжлэгдсэн лабораториудад хийсэн чанарын шинжилгээгээр БНХАУ-аас орж ирсэн цемент нь бетон зуурмаг хийхэд хагарах эрсдэл өндөр, OPC 42.5 маркт тэнцэхгүй гэж гарсан байна.

Тодруулбал, Эхний ээлжид орж ирсэн цементээс дээж аван “MNS 976:2008” стандартын дагуу шинжилгээ хийсэн бөгөөд 3 хоногийн хугацаанд явагддаг энэ шинжилгээгээр цементийн хатаалт, бат бэхийг урьдчилан тооцох боломжтой байдаг.

Үр дүн нь барьцалдуулах чадвар удаан, барьцалдаж дуусах хугацаа урт, эзлэхүүний жигд өөрчлөлт хэлбэлзэлтэй, Магнийн агууламж өндөр, 3 хоног дахь гулзайлт, бат бэх нь шаардлага хангахгүй, OPC 42.5 маркийн стандартад тэнцэхгүй, бетон зуурмагт ашиглахад хагарах магадлал өндөр гэж үзжээ.

Харин Монгол цементийн бат бэхийн үзүүлэлт 3 хоногт 25-28 МПа, дунджаар 2-3 цагт барьцалдаж дуусдаг бол Хятад цементийн бат бэх 14-16, барьцалдах хугацаа дунджаар 3-5 цаг гэж гарсан байна. Эзлэхүүний жигд өөрчлөлтийн хувьд Үндэсний үйлдвэрлэгчдийн буюу дотоодын цемент стандартын дагуу 0-0.7 мм байхад “урдаас” нийлүүлэгдэж буй цемент нь 1.3-1.5 мм-тэй гарчээ.

Үүнээс үзэж, дүгнэхэд иргэдийн өдөр тутамдаа хэрэглэдэг талх, сүү шиг барилга, байгууламж бүтээн босгоход нэн чухал бүтээгдэхүүн бол цемент. Тиймээс ч цементийг “барилгын талх” гэж учир мэдэх хүмүүс нэрлэх нь бий. Гэвч тооцоо судалгаагүй, тулгамдсан шийдвэрийн гороор одоо Монголчууд “барилгын талх” гэгдэх цементээ урд хөршөөс нийлүүлж, бүтээн байгуулалтдаа ашиглаж, гадагшаа маш их хэмжээний валют урсгаж байна.

Угтаа бол Засгийн газраас дотоодын үйлдвэрлэлээ дэмжээд, дэмнээд өгвөл гадагш, тэр тусмаа урд хөрш рүү урсгаж байгаа тэр их мөнгийг дотооддоо шингээх боломж бүрдэж, хэдхэн хоногийн настай чанаргүй зам, барилга нэмэгдэхгүй болов уу!