УИХ
2022.09.30 18:38
4850
Г.Занданшатар: “Хүнсний хувьсгал” өрнүүлэх эрх зүйн орчинд онцгой анхаарна

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр /2022.09.30/ Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан ажлын албатай уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар “Хүнсний хангамж-аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн орон даяар амжилттай хэрэгжиж эхэлсэн. Энэ хүрээнд 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр УИХ-аас “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36-р тогтоолыг батлан гаргасан.

Тус тогтоолын 1-р бүлгийн б хэсэгт тогтоолын  хавсралтад  заасан  хүнсний  хангамж,  аюулгүй  байдлыг  хангахтай  холбоотой  эрх  зүйн  орчныг  бүрдүүлэхэд чиглэсэн хууль тогтоомжийн төслийг боловсруулж, Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит болон 2023 оны хаврын ээлжит
чуулганы хугацаанд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх тухай заасан байдаг. Иймд өргөн мэдүүлэх хуулийн төсөлд онцгой ач холбогдол өгч ажиллахаа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар илэрхийллээ.

Талууд “Хүнсний хангамж-аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх болон хуулийн төсөл боловсруулах үйл явц, эрх зүйн орчны талаар санал солилцож, ажлын албанд амжилт хүссэнээр уулзалт өндөрлөлөө.