Б.Урантуяа
сэтгүүлч
Нийгэм
2022.09.30 18:58
2129
Адриен Мург: Өнөөдөр хэрэгжүүлж буй төслүүдээр хамтын ажиллагаа хязгаарлагдахгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар орон даяар хэрэгжиж буй “Хүнсний хангамж-аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд УИХ-аас 36-р тогтоолыг батлан гаргасан. Энэ хүрээнд 20 гаруй төрийн байгууллагууд уялдаа холбоотой, хамтарч ажиллахаа илэрхийлж байгаа бөгөөд Олон Улсын байгууллага, хувийн хэвшил, үйлдвэрлэгчид нэгдэж эхэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан ажлын албаны төлөөлөгчид 36-р тогтоолын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг хамтран ажиллах боломжтой байгууллагад танилцуулж байна.  Нэг сарын хугацаанд нийт 27 төрийн байгууллага, 10 гаруй үйлдвэрлэгч, баялаг бүтээгч, 8 олон улсын байгууллагатай уулзалт зохион байгуулаад байна.

Тэгвэл өнөөдөр 1991 оноос эхлэн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсэн Европын холбооны Монгол дахь төлөөлөгчийн газартай уулзаж, хамтран ажиллах боломжуудын талаар ярилцлаа.

Уулзалтад Европын холбооны Монгол дахь төлөөлөгчийн газрыг төлөөлөн:

- Хамтын ажиллагааны багийн ахлагч Адриен Мург

- Хөтөлбөрийн менежер Евгения Фараза

- Улс төрийн асуудал хариуцсан атташе Паула Вестлунд

Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албыг төлөөлөн:

- Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр

- Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны Хэлтсийн дарга Д.Энхмаа

- Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан ажлын албаны Ахлах референт Д.Цэвээндорж

- Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны референт О.Дамдиндулам

- Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан ажлын албаны Гадаад харилцааны мэргэжилтэн Р.Будмаа

- Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны хэвлэлийн ажилтан Б.Урантуяа нар оролцлоо.

Европын холбооноос Монгол Улсад хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд эдгээр төслүүдээр хамтын ажиллагаа хязгаарлагдахгүй гэдгийг Хамтын ажиллагааны багийн ахлагч Адриен Мург хэллээ. Өнөөдрийн байдлаар хоёр төслийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч байна. Тодруулбал:

- Монгол Улсын олон улсын худалдааг хөгжүүлэх төсөл

- Ингэний хоормогоор хийсэн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах төсөл зэргийг түлхүү анхаарч ажиллаж байна.

Мөн хүнс, хөдөө аж ахуйн салбарт сэргээгдэх эрчим хүчний асуудал чухал нөлөөтэй. Ялангуяа хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэхэд сэргээгдэх эрчим хүчний асуудлыг бүрэн шийдсэн байх шаардлагатай. Иймд энэ чиглэлээр цаашид хамтын ажиллагааг эрчимжүүлэх хэрэгтэй гэдгийг уулзалтын үеэр онцоллоо.