Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
УИХ
2022.10.06 13:15
4707
Ц.Даваасүрэн: Засгийн Газар 12 тэрбум ам.долларын өртэй байж, дахин зээл авах гэж байна

УИХ-ын Чуулганаар, "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Валютын ханш, нөөцийн асуудал маш хүнд болсон байна. Хатуухан хэлэхэд дампуурлын ирмэгт байна. Урд талаас экспортын орлогыг тодорхой хэмжээгээр ковид зэргээс шалтгаалж хязгаарлалт хийвэл элгээрээ газар хэвтэх гээд байна. 100 хувь шахуу экспорт нэг орноос л хамаарч байна. Бид эдийн засгаа солонгоруулах талаар олон жил ярьсан ч солонгорч байгаа юм байхгүй.  Монголбанк мөнгө зээлийн бодлогоороо энийг дэмжихгүй байна.

10 их наядын хөтөлбөр гээд нэг попорсон л хөтөлбөртэй. Засгийн газар нь ч попроод л байна. Хятадад ханиахад манайх шууд хатгаа авахаар байна.

Өрийн асуудалд анхаарахгүй бол болохгүй. Одоо Засгийн газар нь 12 13 тэрбум ам.долларын өртэй байна. Энийг яаж төлөх вэ? Төсөв харахаар дахиад зээл авах тухай ярьж байна. Одоо зээл авч чадахгүй. Авсан ч төлж чадахгүй. Хойд хормойгоороо урд хормойгоо нөхсөөр байгаад хойд хормой нь дууслаа. Өр зээлийн асуудалд Монголбанк мөнгөний бодлогын хүрээнд ямар төлөвлөлт хийж байгаа юм бэ?

Хойч үедээ өр үлдээх гэж байгаа нь гамшиг шүү. Одоо урд тал крантаа нэг л хаахад бид нар гадаад төлбөрийн чадваргүй болох нь.