УИХ-ын гишүүн
2022.10.24 17:26
5085
Д.Өнөрболор: Төр хувийн хэвшлийн түншлэлийн амин сүнс болсон зарчмууд алдагджээ

Намрын чуулганаар хэлэлцэх том хуулийн төслийн нэг нь Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл юм. Эдийн засаг хумигдаж, гадаад валютын нөөц багасч байгаа цаг үед хэлэлцэгдэж байгаагаараа онцлог цаг үеэ олсон хуулийн төслийн нэг. Иймдээ ч энэхүү хуулийн төслийг чамбайлан хэлэлцэх, алдаа оноог нь шүүн тунгааж, төрдөө ч хэрэгтэй хувийн хэвшилдээ ч ашигтай тэднийг хамгаалсан дэмжсэн бодлого болох нь чухал байгаа юм. Үүнтэй холбоотой өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Өнөрболор, С.Ганбаатар болон судлаачид, иргэний нийгмийн байгууллага хамтарсан хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. 

Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль"-ийн төсөл нь есөн бүлэг, 60  зүйлтэй. Хуулийн төслийн үр дүнд төр хувийн хэвшилтэй хамтран ажиллахад гардаг хүндрэл бэрхшээлийг ярилцаж, цаашид хялбар болгох, хувийн хэвшлийн түншлэлийг өөр түвшинд гаргах, хувийн хэвшлийн нууцлал, төрийн дэмжлэгийг тодорхой болгох зорилготой. Иймээс талууд хуулийн төслийн талаар өөр өөрсдийн байр суурийг илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор: Төр хувийн хэвшлийн түншлэл гэх амин сүнс хуулийн төсөлд алдагдсан байна 

Өнөөдөр Улаанбаатар хотын худалдааны танхимаас нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Сүүлийн жил гаруйн хугацаанд төр хувийн хэвшлийн түншлэлийн асуудал бидний гол сэдэв байна. Учир нь эдийн засгийн амаргүй нөхцөл, цар тахлын нөлөө одоог хүртэл байсаар байна. Эдийн засаг улс орнуудад маш их агшиж байна. Манай улсын хувьд өр таазандаа тулсан, валютын орж ирдэг цонхнууд хумигдсантай холбоотой хууль эрх зүйн реформ шинэчлэлийг нэн шаардлагатай хийх хэрэгтэй байна. Үүний нэг нь төр хувийн хэвшлийн түншлэлийн хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх гэж үзэж байна. Бидний хувьд гаргаж ирж байгаа  асуудал нь  зарчмын зөрүүтэй хэд хэдэн асуудал байгаа. Монгол Улс сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд зах зээл гэж яриад байдаг ч нутагшуулж чадаагүй. Бүх шатандаа нөөцөд тулгуурласан төлөвлөлтүүдийг хийж байна. Яг зах зээл рүү чиглэсэн бодлого боловсруулахгүй байна.

Манай улсад 800 гаруй хууль тогтоомж байдаг ч  төрийн эрх мэдэл, төрийн хяналт шалгалт гэхчилэн төрийн бүхий л асуудал шийдэгдэж, эрх ашгийг хамгаалж байна. Зах зээлийг гол төлөөлж байгаа хувийн хэвшлийн гол бодлого , дэмжлэг хаана байна.

Монгол Улсад өнөөг хүртэлх хугацаанд голдуу улс төрийн үр өгөөж харсан шийдвэр гаргаж иржээ. Энэ нөхцөл 20, 30 жил үргэлжлэхээр маш олон гацаанууд үүсч байна. Тэгэхээр бид өнөөдөр энэ хариуцлагатай цаг үед ойлголтынхоо асуудлыг нэг түвшинд аваачих нь зүйтэй юм. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн амин сүнс гэгдэх 7,8 зарчим бий. Тэр зарчим алдагдаж байна. Өөрөөр хэлбэл Сангийн яамны боловсруулсан энэ хууль төрөөс төсвийн хөрөнгө оруулалтаар хувийн хэвшлийн оролцоотойгоор төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх гэж боловсруулснаас маш том зөрүү үүсч байгаа юм. Бид хөрөнгө оруулалт татах хэрэгтэй байна. Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Төр хувийн хэвшлийн түншлэлийн зарчмыг амжилттай хэрэгжүүлж байгаа улсын нэг бол БНСУ. Энэ улсын хууль тогтоомжийн цар хүрээ,чиг хандлага, төрийн оролцооны зохицуулалт, хувийн хэвшлийн дэмжих бодлого ЗГ-ын батлан даалт маш цэгцтэй зөв явж байгаа. Гэтэл манайх яг одоо өргөн мэдүүлсэн хуулиар бол төр хувийн хэвшлийн түншлэлийн дүн шинжилгээ хийж, нэг хоёрдугаар үе шатны ТЭЗҮ хянаж, дүгнэлт гаргах энэ байгууллага бие даасан хувилбар биш ТӨҮГ байгаа.

Эдийн засагч, судлаач Б.Хаш-Эрдэнэ: Төр харах өнцгөө өөрчлөх хэрэгтэй 

Түншлэл гэдэг агуулгаа алдсан юм болов уу. Түншлэл гэдэг хоёр тар хамтарч ажиллах гэж байгаа зүйлийг хэлэхээс биш нэг нь давуу талтай, нөгөө нь гуйж хийх гэж байгаа юм шиг байж болохгүй. Хуулийн төсөлд засах, нэмэх заалтууд зөндөө байна. Тухайлбал бизнесийн нууцлалын тухай, хөрөнгө оруулалтыг хэрхэн хамгаалах талаар. Хэрэв хамгаалалт нь найдвартай биш л бол төртэй түншлэхгүй шүү дээ. Иймээс харах өнцгөө өөрчлөх хэрэгтэй. Ийм хууль гарах гэж байгаад баяртай байгаа. Гэвч сайжруулах шаардлагатай байна.