Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
УИХ
2022.10.26 19:06
4298
Иргэд гэр хорооллын айл, өрхүүдийн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг үргэлжлүүлэхийг хүсэж байна

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг өнөөдөр Чингэлтэй дүүргийн 11,18-р хорооны иргэдтэй уулзлаа. Монгол Улсын 2023 оны Төсвийн төслийг УИХ-аар хэлэлцэж буй. Төсвийн төслийн хүрээнд олон нийтийн хэлэлцүүлгийг өрнүүлж, иргэдийн саналыг хүлээн авч байгаагийн нэг хэсэг нь өнөөдрийн уулзалт.

Уулзалтын үеэр тус хорооны иргэдийн хувьд гэр хорооллын айл, өрхүүдийн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг төсөвт тусгалгүй, хассанд бухимдалтай байна.

Тодруулбал, 2017 оны Засгийн газрын 199-р тогтоолоор гэр хороолын айл, өрхүүдийн цахилгааны шөнийн тарифт хөнгөлөлт үзүүлж эхэлсэн. Жил бүрийн 11 дүгээр сарын 1-ээс, дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хүртэл хөнгөлөлт үргэлжилдэг байв.  Гэтэл 2023 онд эрчим хүчний тарифын хөнгөлөлтөд зарцуулах төсвийг Эрчим хүчний сайдын багцад тусгаагүйд иргэд шүүмжлэлтэй хандаж байна.  

Нийт 200 гаруй мянган айл өрхийн эрчим хүчний асуудлыг төрийн хэмнэлт нэрийдлээр хасаж болохгүй гэдгийг онцолсон юм.

Гэр хорооллын айл өрхүүдийн ахуйн хэрэглээнд болон халаалтын зориулалтаар хүйтний улиралд  21:00-06:00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны тарифт 100 хувийн хөнгөлөлт үзүүлж байсан. Үр дүнд нь агаарын бохирдол төдийгүй, тоосонцор, хүхэрлэг хийн хэмжээ 5-8 хувиар буурсан гэдэг судалгаа бий.

Иймд гэр хороолын айл өрхүүдийн эрчим хүчний шөнийн тарифыг  цаашид хөнгөлж, агаар, хөрсний бохирдлыг бууруулах нь илүү үр дүнтэй. Тиймээс Чингэлтэй дүүргийн 11,18-р хорооны иргэд гэр хорооллын айл, өрхүүдийн эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтийг үргэлжлүүлэхийг хүслээ.  УИХ-ын гишүүн М.Оюунчимэг айл, өрхүүдийн өмнө тулгамдаад байгаа энэхүү асуудлыг УИХ болон салбарын сайдад нь уламжилж, шөнийн тарифын хөнгөлөлтийг хэвээр үлдээхэд ач холбогдол өгнө гэдгийг онцлов.