Э.Хосбаяр
Ерөнхий эрхлэгч
Улс төр
2022.10.28 15:51
29940
Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилга угсралтын ажлыг эхлүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл төлөвлөлт, инженерчлэлийн үе шатнаас 2021 онд бүтээн байгуулалтын ажилд шилжсэн. Тус бүтээн байгуулалтын ажлыг 4 багцад хуваан ажиллаж буй бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар 2,3 дугаар багцад багтсан худалдан авалт, барилга угсралтын ажлын Ерөнхий гүйцэтгэгч шалгаруулах тендерт шалгарсан БНЭУ-ын "Мега инженеринг Инфрастракчер" компанитай Инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын гэрээ байгуулах асуудлыг шийдвэрлэсэн.
 
Үүний дагуу өнөөдөр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, "Мега инженеринг Инфрастракчер" компанийн Үйлдвэрлэл хариуцсан захирал Палимпати Доория нар гэрээнд гарын үсэг зурлаа.
 
Уг ёслолын ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, БНЭУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд М.П.Сингх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Даваадалай болон УУХҮЯ, ГХЯ, ЭЗХЯ, Сангийн яамны албан тушаалтнууд, Төслийн менежментийн зөвлөх “Инженерс Индиа Лимитед” компанийн төлөөлөгчид биечлэн оролцсон бол БНЭУ-ын ЭКСИМ банк, “Инженерс Индиа Лимитед” компанийн удирдлагууд цахимаар оролцлоо.
 
"Мега инженеринг Инфрастракчер" компани 2, 3 дугаар багц ажлуудыг хамтад нь гүйцэтгэх бөгөөд 2025 оны 4-р улиралд бүтээн байгуулалтын ажлыг дуусгах үүрэг хүлээж буй юм.
 
Тус бүтээн байгуулалтын эхний багц ажил буюу Технологийн бус барилга байгууламжид, иргэний 9 барилга, 44 км ус дамжуулах хоолой, 30 мянган м.куб багтаамжтай усны нөөцийн резервуар, үйлдвэрийн талбайн дэд бүтцийн байгууламжууд багтаж буй бөгөөд барилга угсралтын ажлыг БНЭУ-ын “Жэй Эм Си Прожектс Индиа” компани гүйцэтгэж байгаа юм. Тус ажлыг ирэх онд дуусгахаар төлөвлөн, ажиллаж байна.