Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2022.11.03 13:00
5071
"МУИС, МҮИС хоёрыг өрсөлдүүлэх биш дэлхийн тэргүүлэх сургуулиудын түвшинд хүрэх зорилго тавьж ажиллах нь чухал байна"

МУИС-ийн ХЗС-ийн докторант, ЭЗС-ийн магистр, МҮИС-ийн Хөгжил, инноваци хариуцсан дэд Ерөнхийлөгч Өөлд Бөөлөө овогт Баянжаргалын Цогтгэрэл УИХ-ын гишүүн БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд ил захидал хүргүүлжээ. Уг ил захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.

УИХ-ЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН ТАНАА

ИЛ ЗАХИДАЛ

Эрхэм сайд Таны энэ өдрийн амар амгаланг эрин мэндчилье.

Таны хууль, тогтоох болоод Засгийн газрын гишүүний нөр их ажилд нь амжилт хүсэхийн дашрамд мэдлэг, боловсролтой, чадварлаг менежер гэдгээр тань хүндэтгэж явдгаа илэрхийлэхийг хүсч байна.

Монголын Үндэсний Их сургуулийн нэртэй холбоотой асуудал таны анхаарлыг ихээхэн татах болсонтой холбогдуулан миний бие Үндэсний Их сургуулийн хөгжил, инноваци хариуцсан дэд Ерөнхийлөгчийн хувиар Ил Захидал илгээхэд хүрлээ.

Таныг ихээхэн эмзэглүүлж байгаа асуудал бол Монгол Улсын Их сургууль, Монгол Үндэсний Их сургууль хоёрын нэрийг андуурсанаас болж МҮИС-д оюутнууд ихээр элсээд байгаа бололтой.  Ийм учраас л энэ сургуулийн сургалтын чанар, багш нарын чансаа гээд бүхий л талаас нь гоочлох боллоо. Сайд нь тэгж хэлсэн болохоор үнэн байх гээд сошиал орчинд элдэвлэх хүмүүс ч байна. Өрсөлдөгч сургуулиуд нь ч энэ сэдвийг сэвж, дэвэргэх боллоо.  Таны компанит ажлын нөлөөллөөр сургуулийн элсэлт буурч байгаа нь МУИС-д гэхээсээ илүүтэй өрсөлдөгч томоохон сургуулиудад л илүүтэй ашигтай байгаа нь ил харагддаг.  Слабое звено гээд Оросын телевизийн нэвтрүүлэг байдаг даа.  Гол өрсөлдөгчөө шахан зайлуулж оронд нь өрсөлдөх чадвар багатай нэгнээ дэмжсэнээр өөртөө ялах боломжыг нэмэгдүүлдэг. Яг л түүн шиг МУИС нэрээр халхавчилсан өөр маш их сонирхол нуугдаж байгаа гэдгийг сайд таныг ойлгоосой гэж хүсч байна.

Миний бие хоёр дахь мэргэжлээ эзэмшихээр 1995 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд орсноос хойш 2017 он хүртэл тасралтгүй оюутан байж, МУИС-ийн Эдийн засгийн магистрт сурсан 3 жилээ тооцвол 20 гаруй жил болох юм. Миний хувьд эрдмийн зэрэг нь чухал биш Монгол Улсын Үндсэн хуулиа л хөгжлийн Үндсэн хууль болгочих санаатай судалгаа хийгээд шинэ багш болгоны ярьж хэлэхийг сонсох зорилгоор МУИС-тайгаа холбоотой байсан хэрэг. Чимэд багшаас эхлээд Бямбажаргал, Мөнхсайхан, Гангабаатар нарын үе хүртэл гурван үеийн багш нараар дамжсан явдал юм. Харин одоо бол миний багш, удирдагч маань интернет болсон.  Би МУИС-даа хайртай. 

Харин 2017 оноос МҮИС-ийн хамт олонтой нэгдсэн.  Энд МУИС, ШУТИС, УБИС,  ХААИС-ийн төгсөгчид болон тэдгээр сургуулиудад ажиллаж байсан олон багш ажилладаг. Та бидний таних олон шилдэг эрдэмтэд мөн л алсын их зорилго, тэмүүлэлтэй зүтгэж явдаг. Нэг үгээр хэлбэл энэ сургуулийн хөтөлбөрийн болон багшлах бүрэлдхүүний чанар яригдвал улсын томоохон сургуулиудийн сургалтын чанар хамт яригдахаар холбоотой гэсэн үг.  

Бид шинэ эриний шаардлага хэрэгцээнд нийцэх үүднээс Нээлттэй боловсролын эх сурвалжид сууриласан (OER), виртуал сургуулийн орчныг бүрдүүлж, 9000 м2 талбайг гэймификэшн, симулэшн ХАБ болгох зорилгод чиглүүлж байгаа билээ.

Энэ онд “Pioneer” Инновацийн төв, хамтын оффисыг нээж, Боловсролын байгууллага, Шинжлэх ухааны байгууллага, Бизнесийн байгууллага, Төрийн байгууллагын амьд холбоо хэлхээг бий болгон илүү хэрэглээнд чиглэсэн сургалтын үйл ажиллагаа явуулахыг зорьж үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Шинэ үеийнхэн, ялангуяа Z generation ийм л орчныг хүсээд байгаа нь ажиглагддаг.

МҮИС-ийн нэрийн тухайд:  Чингис нэртэй архийг нэг компани үйлдвэрлэдэг. Хар, цагаан Чингис архийг Их хаанаа бэлэгшээж, чухам л бэлэг бэлгийн дээд мэтээр үзэн авч хэрэглэсээр өнөөдөр хамгийн их борлуулалттай архи болсон билээ. Миний бие хүртэл архи дарсаар дайлсан цайлсан газар бүрт та нар наад Грэй гүүс мүүсээ болио. Үндэсний үйлдвэрийнхээ бүтээгдэхүүнээр дайлж бай.  Чанар, технологи яг адилхан. Хордох, шартахдаа хүрвэл адилхан л хор гэж байнга л хэдэн доллар ч болсон дотооддоо үлдээчих санаатай, дотоодынхоо үйлдвэрийг дэмжих санаатай таны сайн мэдэх компанийн бүтээгдэхүүнийг сурталчилж ирсэн.  Гэтэл Чингис нэрийг Их Хуралдайгаас өргөмжилсөн билээ.

Төрийн өмчит олон компани нэрийн бүртгэлээ хийлгэж амжаагүйгээс өөр компанид нэрээ алдсан байдаг. Учир нь хэн түрүүлж нэрийн сонголт хийсэн нь тэр нэрийг өөрийн болгодог хууль манайд үйлчилж байсан.

Мөн яг ийм зарчмаар уул уурхайн лиценз, бусад эрхүүд олгогдсон. Улсын алтны уурхайн лицензүүдийг түрүүлж өргөдөл өгсөн гэсэн үндэслэлээр хуваагаад тараагаад авсан. Энержи ресурсын Ухаа худаг мөн л ийм үндэслэлээр эрх нь хадгалагдаж өнөөдөр дэлхийн хэмжээний коксжсон нүүрс экспортлогч компани болсон юм.

МҮИС-ийн үүсгэн байгуулагч Л.Мөнхбатын тухайд:

Тэрээр олоон жилийн өмнө Гандангийн арын дэнжид хуучны байшин дуудлага худалдаагаар худалдан аван багш мэргэжилтэй, аав ээж хоёртоо зориулж сургууль байгуулна, Ирээдүйн Монголыг авч явах шилдэг хүмүүсийг төрүүлнэ гэж Хангайхан клубынхээ хэдэн нөхдийг урьж танилцуулж байж билээ. Би Монголд анхлан Вундеркинд сургууль байгуулалцаж байсан хүний хувьд мөн ч их хүн хүч, хөрөнгө, зүтгэл орно доо л гэж бодож байлаа. Хорь гаруй жил мятрашгүй зүтгээд байгааг нь харж найз нөхөд нь түүний хөдөлмөрч, шаргуу, тууштай чанараар бахархаж, хүндэтгэдэг болсон юм.

Хэл ам татсан Зайсангийн газарт нь барилга барьж ашиг олох, Бага тэнгэр шиг хаус барих тухай олон л санал, тооцоог хүмүүс Мөнхбат захиралд танилцуулж байхыг би мэдэх юм. Орон сууц барих тухай яриа байж болохгүй би Шинжлэх ухааны аялал жуулчлалын төв байгуулна гэж тэр хоёрдмол утгагүйгээр хэлдэг нэгэн юм. Дэлхийн олон оронд байдаг хүүхдийн Кидзаниа төвийг Шинжлэх ухааны аялал жуулчлалын төвтэйгээ зэрэгцүүлэн байгуулая гэж мань мэт нь ярилцаад эцэслэж чадахгүй л явна. Тэр мөнгийг чухалчилсан бол хэдэн Асем баригдсан байх байлаа. Ингэж хадгалж авч үлдсэнд нь бид баяр хүргэх ч цаг ирж мэдэх юм.

Боловсролын шинэчлэлийн тухайд: Монголын төр статистик хөөцөлдөж, боловсролын салбар нь мөнгө хөөцөлдөж, олон мянган хүүхдэд диплом хөөцөлдөх болсныг хараад бид хувийн дээд сургуулиудад шүүмжлэлтэй ханддаг. Хамгийн том Их сургуулийн хувьд МҮИС гарцаагүй төлөөлөл нь болж харагддаг. Би ч гэсэн Энх-Амгалан сайд тань шиг л бодолтой байдаг байлаа. Анддаа зөвлөдөг ч бас шүүмжилдэг нэгэн байв. Гэвч бид дунд сургуулиас эхлээд боловсрол, гэгээрэл, мэргэжлийн чиглэлийн ихээхэн гажуудалд орсоноо олж харахгүй байна.

Бидний нөхөд боловсролын салбарын шинэчлэлийн асуудлаар хэд хэдэн хэлэлцүүлэг зохион байгуулж, үсрэнгүй хөгжилд хүргэх боловсролын системийн эрэл хайгуул хийж ирсэн билээ. Одоо ч олон зуун эрдэмтэд энэ тал дээр санаа зовж нэгдэж байгааг энэ захидлаараа танд дуулгая.

Бид боловсролын салбарын шинэчлэлийг хийхээр зориглож чадна гэвэл Их Монгол улс хүчирхэг байсан үеийн боловсролын системд анхаарлаа хандуулаарай гэж танаас хүсэх байна.  Нэгж хүн бүрийг өөрийнх нь өгөгдөл, авъяас, ур чадвар, сэтгэн бодох болон биеийн ерөнхий байдал, сэтгэл зүйд тохирсон боловсрол, ур чадварыг олгож, нийт хүн хүн төрөлхтөний дунджаас илүү хөгжүүлж, нийтийн зорилгод ашигладаг байсан болохыг дэлхий хүлээн зөвшөөрдөг. Жадчин хатгамалчин хоёр хоёулаа л үзүүртэй төмөр барьдаг. Харин төгс ашиглахын тулд өөр өөр ур чадвар шаарддагтай агаар нэг юм. Бид чадварлаг бүжигчнээ мундаг математикчин, гайхамшигтай программистаа биологич, түүхч, газар зүйч болгох гээд эцэст нь математикч ч үгүй, бүжигчин ч үгүй, програмист ч үгүй, түүхч ч үгүй хагас мэдэх дундачуудын армийг бүтээж байна. Өнөөгийн боловсролын системийг Еврейчүүд боолчуудын нийгэмшүүлэх систем маягаар хэлсэн нь байдаг. Үнэхээр хүний байгалийн чадварыг дарангуйлж, хүсээгүй, чадахгуйг тулгадаг, нэг ёсны сэтгэхүйн хэвлэх машин ажээ. Тиймээс өнөөдөр төгсөгчид нийгмээ хөгжүүлж, баяжуулах нь бүү хэл өрх гэр, өөрийгээ авч явах чадваргүй, төгс чадах зүйлгүй, түмэн сэдвээр барагцаалдаг ийм л ажилгүйчүүдийг бий болгодог болсон нь нууц биш юм. Иймдээ ч боловсролын зардал өрхийн зардлын ихэнхийг эзэлж, ядуурлын эх сурвалж болж байна. 

Еврейчүүд ямар системээр суралцдаг юм бэ гэж хүмүүс асуух байх. Тэд яагаад дэлхийн шинэ бүтээлийн ихэнхийг эзэмшиж, хөрөнгийн болоод санхүүгийн зах зээлийг хянаж байна. Би бодохдоо Сорхагтан бэки хатны хэлсэн

“Өгөөдэйн хатан өсөлсөн булхай юу

Зөв хөгжлийн хэлмэлийг

Зөөлгөж Багдадад яагаад хүргэв

Тогта бек төрийн өстөн юу

Хөх хэлмэлийг вуны учир

Хүргүүлж Арабад яагаад өгөв

Засаг барьсан гурван жилд

Замаа яагаад буруулав

Алтан хэлмэлийг юуны учир

Аламат Исаманд яагаад өгөв

гэдэгт нийгмийн болоод хүний хөгжлийн нууц оршиж байжээ хэмээн сэтгэнэм.

Миний илгээсэн өөр өөр оргилд нэг замаар хүрч болохгүй тухай Уулсын оргил, Монгол болон хөгжингүй орны иргэдийн амьдралын мөчлөгийн тухай, мөчир бүрээс нь үр жимс багсарсан модтой слайдыг та харсан байх гэж найдаж байна.

Уулын мод урттай богинотой, олон хүн сайнтай муутай гэсэн хэлц үг байдаг.

Бүгдийг тэгшитгэх үр өгөөжгүй зарлагын боловсролоос татгалзаж, хүн бүрийн давуу талыг илүү хөгжүүлж байж бидний цөөхөн Монголчууд дэлхийд цуугаа дуудуулах, улс орноо хөгжилд хөтлөх мэргэд, шилдэг зохион бүтээгчид, инженерүүд, бүх салбарын алдартнуудыг төрүүлэх боломжтой болох бус уу.

MCS группыг сонин хэвлэлээр Mongolian Corruption System гэж бичдэг. Би үгүйдээ залуусаа MCS бол Mongolian Commercial School шүү дээ. Яагаад гэхээр энэ компани олон зуун залуусыг бизнест сургаж гаргадаг хамгийн шилдэг сургууль. Энэ сургуулийг төгссөн сурагчид аливааг төгс хийдэг гэж яридаг. Манай зарим хүмүүс талбайн урд талын Blue Sky цогцолборыг ЗААЗУУР шиг гэдэг би үгүй наадах чинь далайд гарцгүй орны дарвуулт хөлөг байгаа юм л гэдэг. Аливаа бүхний ололттой талыг олж хараад өнгөлөөд хурцлаад явах нь бас л хөгжлийн хөшүүрэг юм.

МҮИС-д бусад сургуульд байхгүй онцлог, бусад сургууль хүрч амжаагүй амжилт бас байнаа. Монгол улс донор байгууллагуудаас сүүлийн 20 жилд олон сая долларын зээл, тусламж авсан хэдий ч МҮИС нэг ч ам долларын хөрөнгө оруулалт аваагүй юм. Төрөөс 20 жилд барьж байгуулаагүй сургууль, эмнэлгийн цогцолборыг  хувийн хөрөнгө оруулалтаар байгуулж, эрүүл саруул ирээдүйн төлөө зүтгэж яваа энэ сургуулийн хамт олныг хэрхэн дэмжсэн билээ. Энэ сургуулийн орчныг дахин төлөвлөлттөд оруулж оюутан залуусын сурч хөгжих орчныг бүрдүүлэх асуудлыг нийслэлийн удирдлагатай ярьж шийдвэрлэх, сургуулийн орчны архи, согтууруулах ундаа борлуулдаг олон дэлгүүр, мухлагийг өөрчлөх гээд мөнгө хөрөнгөгүйгээр дэмжих, Боловсролын сайд анхаарч үзвэл зохилтой олон ажил байна.

Харин Их дээд сургуулиудын хувьд МУИС, МҮИС хоёрыг өрсөлдүүлээд Монгол хөгжинө гэж байхгүйг ухамсарлан дотооддоо өрсөлдөх биш дэлхийн тэргүүлэх их дээд сургуулиудын түвшинд хүрэх, өрсөлдөх зорилго тавьж ажиллах нь чухал байна. Дэлхийд гарах хэрэгтэй байна. Боловсролыг экспортлож, дэлхийн оюуны сан, дэлхий номын сан, дэлхийн мэдлэгийн уурхайг Монголдоо авчрах хэрэгтэй байна. Ердийн замаар хэзээ ч гүйцэж түрүүлэх боломжгүй боломжыг өнөөгийн мэдээлэл, технологийн хөгжил бидэнд олгож байгаа юм.  Үндэсний нэртэй болгоноо үгүйсгэж бус дээдэлж, Монголчуудынхаа хүсэл, эрмэлзлэл, тэмүүлэлийг дарангуйлж бус урамшуулж, Үндэсний үзэл, Үндэсний бахархалыг үгүй хийх бус өөгшүүлж байж бид өөдрөг тэмүүлэлээрээ хөгжилд хүрнэ.

Таныг миний захидлыг анхааралтай уншин, мэргэн оюун ухаандаа тунгаан болгоохыг хичээнгүйлэн хүсье.

МУИС-ийн ХЗС-ийн докторант, ЭЗС-ийн магистр

МҮИС-ийн Хөгжил, инноваци хариуцсан дэд Ерөнхийлөгч Өөлд Бөөлөө овогт Баянжаргалын Цогтгэрэл