Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2022.11.03 14:50
4458
МАН дотроо "цэвэрлэгээ" хийж, зарим хүмүүсийн попролт "цөмөрлөө"

Чуулганы хуралдаан бүрт УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн попролт цөмөрч намынхныгаа муулж, шударга түшээгийн дүрд тоглох боллоо.

МАН энэ хүнд гишүүний тойрог хуваарилж, засгийн танхимдаа ч суудал өгч байсан. Харин тэр үед эрхэм гишүүний ам хамхиастай, иргэдийн талд биш эрх баригчдын талд байлаа.

Тэгвэл Ц.Даваасүрэн гишүүн сүүлийн үед иргэдийн эрх ашиг гэж эрх баригчдын эсрэг дуугарах болсон шалтгаан нь танхимд багтаагүйн агсралтаас гадна Дарханы Арьс ширний үйлдвэртэй холбоотой ч байж болох юм. Өнөөдөр Сангийн сайд Б.Жавхлан "Ц.Даваасүрэн гишүүн маань өөрөө шударга үнэний туйлын дүрд гүйгээд байдаг. Цаанаа бодит үйлдэл нь ямар байгааг мэдэж байгаа хүний хувьд бодоход үнэхээр харамсмаар зүйл болж байгаа шүү" гэдгийг Чуулганы танхимаас дорвитойхон хэлээд амжсан нь түүний булхай цаг хугацааны эрхээр илэрхийн дохио биз.

Нэлээд хэдэн жилийн өмнө эрчим хүчний салбартай холбоотой Монголын сайд нарын авилга нэхсэн 10 сая долларын хэрэг сураг дуулдаад таг болсон. Үүний ойр хавьд ч түүний нэр дуулдаж байлаа.

Тэгэхээр МАН өдгөө дотроо "цэвэрлэгээ" хийж байгаа дүр зургаас харахад дарагдаад өнгөрсөн асуудлууд эргэж босч мэдэхээр болсон нь зарим хүмүүсийг цочроов  бололтой.

Сангийн сайдыг дайрсан түүний үгний хариуд "Арван хувь дуу орсон бол нөгөө талд нь итгэнэ" гэсэн агуулгатай жиргээ хэд хоног "үерлэсэн". Түүний дахин дахин давтамжтай найруулдаг шударга үнэний жүжиг нь тойргийн болон танхимын хуваарилалтаас л үүдэлтэйг улс төрийн хүрээнийхэн төдийгүй олон нийт ч ийнхүү гадарлах болжээ.