Б.Батчимэг
Ахлах сэтгүүлч
УИХ-ын гишүүн
2022.11.04 17:24
6590
Нүүрсний хулгайтай тэмцэх тэмцлээ 100 мянган ам.долларын авлигын хэрэгт холбогдсон А.Адъяасүрэнгээс эхэл

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнтэй холбоотой авлига, хээл хахуулийн асуудал сүүлийн үед өндрийг аваад байна. Тэрээр 2020 онд Баянхонгор аймгаас сонгогдсон бөгөөд тухайн жилдээ нүүрс тээврийн “С” зөвшөөрөл авахын тулд “Авто тээврийн үндэсний төв”-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Г.Доржпаламд 100 мянган ам.долларын авлига өгсөн хэргээр АТГ-т сэжигтнээр татагдаж байв. Энэ оны дөрөвдүгээр сард түүний нэр холбогдсон хэрэгт прокуророос яллах тогтоол үйлдэн, шүүх рүү шилжүүлэхээр болсон талаар мэдээлэл байсан ч тодорхой шийдэл, үр дүнд хүрэлгүй өдий хүрсэн юм.

Төрийн тусгай хамгаалалтай газарт бүрэн эрх эдлэн, шударга ёс, хүний эрх яриад  суугаа гишүүн авхайн хэрэг тэгсхийгээд намжиж байсан ч “хулгай хар мөртэй” гэгчээр түүний нэр "нүүрс тээврийн хулгай" гэх үгтэй салшгүй холбоотой болжээ.

Тэгвэл, Засгийн Газраас нүүрсний хулгайтай хатуу тэмцэнэ гэж “том” дуугарсан нь нэг талдаа сайхан мэдээ.

Гэхдээ нэгэнт олборлочихсон нүүрсийг урд хөрш рүү зөөж, хулгайн орлогыг нь өвөртөлж суугаа  А.Адъяасүрэн нарын хэсэг бүлэг хүмүүс бий. Тэднийг илчилж, үйл ажиллагааг нь хянахгүй бол дан ганц нүүрсний хулгай гэж хэчнээн “орилоод” хэрэг ч байхгүй. Учир нь нүүрс биш нүүрсний тээвэрт асар их хэмжээний мөнгө эргэлдэж, урд хөрш рүү урсаж байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Нүүрс тээврийн хулгай нь 7 их наяд төгрөгөөр хэмжигдэж байна. Энэ бол хүүхэд бүрт сар бүр 500 мянган төгрөг олгож болох мөнгө. Цагаан хаднаас Ганц мод орох хүртэл 29 км байгаа. Өмнө нь 5-6 сая төгрөгөөр тээвэр хийгээд болоод байдаг байсан. Гэтэл ид үедээ 120 сая төгрөгийн үнэтэй тээвэр болж хувирсан. Энэ бүх тээврийн үнэ бүгд БНХАУ-ын талд хувиарлагддаг. Тэр их мөнгийг ямар албан тушаалтнууд аваад байгаа нь мэдэгдэхгүй луйвар явж байна.” гэж мэдэгдсэн.

Үүнийг нь баталж Сангийн сайд Б.Жавхлан УИХ-ын чуулганы хуралдааны үеэр “Нүүрсний тээврийн Гашуун-Сухайт Цагаан хад хоорондын ганцхан урсгалд л гэхэд 1-1.5 сая ам.долларын /3.4-5 их наяд төгрөг/ урсгал хилийн цаана явсан. Ажил нь манай талд хийгдсэн байдаг” гээд Уул уурхайн биржийн тухай өргөн мэдүүлсэн хууль нэн шаардлагатай гэж тайлбарлаж байсан.

Хэдий хэрийн мөнгө нүүрс биш нүүрсний тээвэрт алга болж байгааг яагаад улстөрчид нь, хууль, хяналтынхан нь огт мэдэхгүй мэт тоохгүй яваад байна вэ. УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн нарын холбогдсон нүүрс тээвэртэй холбоотой шалгагдаж байсан хэргүүд хаана очоод замхарчхав.

Эхний ээлжинд нүүрс тээврийн хулгайгаа илчилж, эцэслээгүй байж гэнэт нүүрсний хулгай хэмээж байгаа нь улстөрчид, тэдний бүлэглэл дундын “дажин” гэлтэй. Нэгэнт олборлочихсон нүүрсийг халааслаад хил гаргахгүйгээс хойш хулгайн тээврээ эхлээд цэгцэлж дуусгах нь нэн тэргүүний ажил болоод байна.

Нүүрс тээврийн хулгайч гэгдэх А.Адъяасүрэн гишүүний ХОМ-ийг сөхөж үзвэл, 2020 онд түүний жилийн орлого 823,2 сая байсан ч 2021 онд 49 сая болтлоо буурсан нь ч анхаарал татна. Ямар нэг Компани нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт гээд  эрх, патент, тусгай зөвшөөрөл гээд юу ч үгүй гэх атлаа нэлээдгүй хөрөнгө чинээтэй гэдгийг нь улс төрийн тогоон дахь нөхөд нь хэлдэг.

Түүний дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгийн нийт дүн нь 411 сая бол 800 саяын авлагатай, 160 саяын зээлтэй байх аж. Орон сууц, барилга байгууламжийн тухайд 1,6 тэрбумаар үнэлэгдэх амины, нийтийн гээд 5 байртай бөгөөд Ланд-200, Лексус 570 гэх тансаг зэрэглэлийн хоёр авто хүлэг хөлөглөдөг байна. Мөн 324 сая төгрөгийн үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйлтэй ХОМ-тээ мэдүүлсэн ч түүний нэг өдрийн ээлжиндээ гоёж, гооддог ээмэг бөгж нь л гэхэд дээрх үнийн дүнг хэд дахин нугалж ч мэдэх.

Ямартай ч Засгийн газраас нүүрсний хулгайтай тэмцэх тэмцлээ журмын хэдэн нөхдийнхөө халаасыг ухаж төнхөхөөс эхэлбэл алдагдаад байгаа 7 их наядынхаа үзүүрээс атгаад авах нь дамжиггүй биз ээ!