Нийгэм
2022.11.08 12:06
16720
Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг дахин хойшлуулах нь орон сууцгүй иргэдийн боломжийг хулгайлж буй хэрэг

Өнөөдрийн байдлаар орон сууцны ипотекийн зээлтэй 100,000 гаруй иргэний 90 хувь нь зээлийн эргэн төлөлтөө хойшлуулсан гэх тоо баримт байна.  Эрх баригчдын зүгээс цар тахлын үед эргэн төлөлтийг хойшлуулах шийдвэр гаргаж байсан ч өнөөг хүртэл ипотекийн зээл хойшилсон хэвээр байгаа бөгөөд ирэх 2023 оны 07 дугаар сарын 1-нийг хүртэл ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах саналыг МАН-ын бүлэг дэмжсэн байна. Ийнхүү УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаанаар энэхүү асуудлыг эцэслэн шийдвэрлэхээр болжээ. 

Мэдээж хэрэг энэ шийдвэр ипотекийн зээлтэй дээрх 100,000 гаруй иргэдэд сайн мэдээ ч орон сууцгүй ипотекийн зээл хэвийн үргэлжлэхийг хүлээж байгаа олон мянган иргэний боломжийг хулгайлж байгаа үйлдэл юм. Эрх баригчдын зүгээс иргэд төлөх чадваргүй цар тахлаас үүдэлтэйгээр орлого нь буурч тасалдсан гэх тайлбарыг өгч байгаа ч тоо баримт сөхвөл зээлтэй иргэдийн 90 хувь нь цалингийн орлоготой, 10 хувь орчим нь л хувиараа хөдөлмөр эрхэлдэг байгаа юм.  

Монгол банкны мэдэгдэж байгаагаар ипотекийн зээлийн эргэн төлөлт дахин хойшилбол шинээр иргэдэд энэ төрлийн зээлийг өгөх боломжгүй болж байгаа гэдгийг ч дуулгасан.  Тийм ч учраас хаана хаанаа хариуцлагатай хандаж иргэд өөрийн авсан орон сууцны зээлээ төлж, халамжийн бодлогоос ангид байж, илүү олон иргэд ипотект хамрагдах боломжийг нээж өгөх шаардлагатай байна! Харин төрийн зүгээс ипотекийн зээлийн хүүг 8 хувиас бууруулан 6 хувьд хүргэх асуудлыг нэн яаралтай хэлэлцэж шийдвэрлэж чадвал тэр нь эргээд зээл хойшлуулахаас илүүтэй иргэдийн амьдралд томоохон түлхэц болох нь дамжиггүй юм.