Б.Батчимэг
Ахлах сэтгүүлч
Хууль эрх зүй
2022.11.08 17:30
3877
Л.Энх-Амгалан сайд алдаагаа хүлээн зөвшөөрөхөд бардам зан нь багалзуур дээр нь тээглэв үү!

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнгөрсөн 2021 онд хэвлэлийн бага хурлын үеэр “Бид МҮИС гэдэг нэрээ буцааж авна. Энэ бол луйвар" гэх байр суурийг илэрхийлж тухайн сургуульд сурдаг олон мянган оюутан, багш сурган хүмүүжүүлэгчдийг гутаан доромжилж, нэр хүндэд нь халдаж, цаашлаад тэдгээр оюутнуудын ирээдүйд "хар толбо" үлдээж орхисон юм.

Ингээд МҮИС-ийн зүгээс Л.Энх-Амгалан сайдын тус сургуулийн нэр хүндийг гутаасан асуудалд нь Боловсрол, шинжлэх ухааны яаманд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаснаар МҮИС-ийн ажил хэргийн нэр хүндийг сэргээж, нэхэмжлэгчээс уучлалт гуйх, мэдээлэл тараасан хэлбэрээр няцаалт хийхийг яаманд даалгаж шийдвэрлэсэн.

Тодруулбал, Монгол улсын төрийн хэлний зөвлөлийн хэл шинжлэлийн дүгнэлтээр "Монголын Үндэсний гэсэн хэллэгийг Монгол Улсад бүртгэлтэй төрийн болон төрийн бус ямар ч байгууллага хэрэглэж болно, нэрийн товчлол болох МУИС, МҮИС нь бусдыг төөрөгдүүлэх үндэсгүй, МУИС ба МҮИС-ийн бэлгэ тэмдэг, логонууд нь эрс өөр байна" гэсэн дүгнэлт гаргаж улмаар хариуцагч яам нь хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн” гэх мэдээллийнхээ үнэн зөвийг нотолж чадаагүй юм.

Гэтэл бүхэл бүтэн Монгол улсын боловсролын салбарыг удирдаж буй сайд, түмнээ төлөөлж төрд суугаа УИХ-ын гишүүн хүн хуулийн байгууллагын шийдвэрийг үл хүндэтгэн, шазруун зан гаргах нь бүрэн эрх ямбандаа найдаж байгаагийн шинж үү? Эс бөгөөс буруугаа хүлээн зөвшөөрч чадахгүй өөрийн бодол өөртөө зөв гээд мунхаглаж байгаагийн шинж үү?

Алдаагаа бусдын нүүрэн дээр ил хүлээн зөвшөөрөхийг бардам зан нь багалзуур дээр нь тээглүүлээд байж ч мэдэх.

Түүнчлэн боловсролын салбарыг толгойлж байгаа хүний хувьд нэгэнтээ шүүхийн шийдвэр гарсан нэр усны асуудалд миний чиний гэж хүүхэд шиг хөөрцөглөж, хөөцөлдөхөөсөө илүүтэй боловсролын салбараа хэрхэн өөд татах вэ, дэлхийн чансаанд яаж хүргэх вэ гэх асуудалд анхаарлаа хандуулах шаардлага хэдийнээ тулгараад байгаа юм. Салбараа миалж, гоочилсоор эцэстээ Монголд боловсрол эзэмшсэн ирээдүйн боловсон хүчнүүд дэлхийд гологдох хэмжээнд ч хүрж мэдэх сөрөг үр дагавар үүсээд байгааг ч анзаарах хэрэгтэй.

Бидний хамгийн том эмгэнэл, ирээдүйн том асуудал бол боловсролын асар их зөрүү. Өнөөдөр захын гэр хорооллын сургуулийн сурагч, өндөр төлбөртэй ЕБС-ийн үе тэнгийн хоёр сурагч уулзаад ойлголцож чадахгүй хэмжээнд хүрсэн байна. Адилхан нэг улсад, нэг хэлээр ярьдаг, Монгол аав ээжтэй хүүхдүүд. Ийм биш байлгах боломж уг нь байсан. Баян хоосны ялгаа биш хүүхдийн боловсролын ялгааны зөрүү ирээдүйд үндэстнийг хоёр хэсэгт хуваах вий! Уг асуудлыг анхааралдаа авч, салбараа толгойлсон шиг толгойлно уу Л.Энх-Амгалан сайд аа!