Б.Батчимэг
Ахлах сэтгүүлч
Улс төр
2022.11.10 14:34
6909
Д.Ганбат: Ард түмний 50 хувь нь ядуу болчихлоо, дундаж давхарга гэж алга

Засгийн газрын зүгээс 2023 оны улсын төсвийг УИХ-д өргөн барисан.  Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Ганбат 2023 оны төсөв тэр чигтээ хөөсөрсөн нэг үгээр хэлбэл “маш” муу төсөл болсон хэмээн мэдэгдлээ.  

Тэрбээр, "Монгол улс 33-34 тэрбум ам.долларын өртэй бөгөөд нэг хүнд ногдох өрийн хэмжээ 30 саяас давсан. 2023-2024 онд манай улсын өрийн хэмжээ 40 тэрбум ам.долларт хүрэх үед гайхах зүйлгүй болжээ. 

Сүүлийн хэдэн жил улсын төсвийг маш их алдагдалтай баталж ирсэн. Үүний үр дүн нь ард түмний нуруун дээр хүнд тусч байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний өсөлт, валютын ханш гээд олон асуудал бий боллоо. Тухайн үед нь ковидын нөхцөл байдалтай холбож ярьдаг байсан. Гэтэл одоог хүртэл ковидын хуулиа ч цуцалсангүй.

Сурсан зангаараа дахиад л алдагдалтай төсөв батлах гэж байна. Хэт бялуурсан, олон орон тоо, өчнөөн сайдтай энэ төсвийг буцаах хэрэгтэй гэсэн шаардлага хүргүүллээ.

Ард түмний амьдралыг дээшлүүлэх “Эдийн засгаа сэргээж, эрүүл мэндээ аврах” 10 их наяд төгрөгийн хөтөлбөр, Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн үр дүн огт гарсангүй. Дээрээс нь 2019 онд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хоёрдугаар ээлжийнхэн хоолондоо орох гэж байгаа юм шиг өөрчилсөн. Ингэхдээ манай Ардчилсан намын нэр дээрээс сонгогдсон зургаан нөхрийн кнопыг ашиглаж хийсэн.

Эрх баригчид өдөр бүр ард түмнийг доромжилж байна. Өлөн, улных гэхчлэн элдвээр дуудаж байна. Ард түмний 50 хувь нь ядуу болчихлоо. Дундаж давхарга гэж алга. Тэр байтугай ердөө есхөн хувь нь 3.5 сая төгрөгийн орлоготой байна. Хүүхдүүдийг ялгаварлан гадуурхаж байна. Ирээдүйн өв сан гэж байхгүй боллоо.
Уул уурхайгаас орж ирдэг баялгийн 50 хувь уг нь ард түмэнд наалдах ёстой ч алга. Энэ мэт олон алдаатай зүйл байна. Мөн төсвийн орлогыг маш өөдрөгөөр буюу 36.5 сая тонн нүүрс гаргана гээд үнийг нь маш өндөр тавьсан. Өмнөх оны гүйцэтгэл гэхэд л хэд, хэдэн удаа төсвийг тодотгосон. Ийм учраас энэ төсвийг буцаах нь зүйтэй. Нэг аймгийн төсөв нь бусад 10 аймгийнхаа төсөвтэй тэнцэж байна шүү дээ.
Улаанбаатар хот нь түгжрээд тэг зогсолт хийхэд бэлэн болчихлоо. Өмнө нь түгжрэл бууруулах нэрээр 468 тэрбум төгрөг төсөвлөсөн ч юунд зарцуулсан нь мэдэгдэхгүй алга болчихсон. Энэ мэтчилэн ард түмний нуруун дээр найрлаж байна. Ард түмэн босоод зогсоход л энэ найр байхгүй болно" гэлээ.