Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Засгийн газар
2022.11.11 14:53
2780
Монголчуудын 8.8 хувь нь л 3.5 саяас дээш өрхийн орлоготой

Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсын 2023 оны төсөв, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийг УИХ-ын чуулганы 2022 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

2023 оны төсөвтэй холбогдуулан Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийх үеэрээ хүүхдийн мөнгийг нийт өрхийн 90 хувьд нь үргэлжлүүлэн олгох болсон талаараа мэдэгдлээ. Ингэснээр 3,5 саяас дээш өрхийн орлоготой 8,8 хувь нь хүүхдийн мөнгөнөөс хасагдаж байна.

Сангийн сайд Б.Жавхлан: "Хүүхдийн мөнгөний хувьд аль болох зорилтот бүлэг рүүгээ чиглэсэн. Өөрөөр хэлбэл илүү хэрэгцээтэй байгаа тэр хэсэг рүүгээ хүүхдийн мөнгөө өгөх шинэчлэлийг энэ онд эхлүүллээ.

Одоогоор өндөр орлоготой хэсэг нь эхний ээлжинд татгалзаад 90 хувьд нь хүүхдийн мөнгийг одоо байгаа 100 мянган төгрөгийн хэмжээнд нь өгнө.

Ингэснээр өмнөх жилийнхээс зардал 120 гаруй тэрбум төгрөгөөр багасна гэсэн үг. Энэ нь цаашаа өөр нийгмийн салбарууд руугаа зарцуулагдаад явах боломж гарч ирж байна. Өрхийн орлого сүүлийн жил гаруй хугацаанд дунджаар Улаанбаатарт 1,9 сая төгрөг, орон нутагт 1,5 сая төгрөг гэж гарсан байгаа. Ингээд дунджаар 1 сая 750 мянга гэсэн үг. Тэгэхээр энийг 2 дахин илүү авахаар 3,5 сая төгрөг гарч байгаа юм.

Ингээд 3 сая 500 мянган төгрөгөөр  ХХОАТ, өрхийн орлогыг тооцоолж үзэхээр 8,8 хувь нь 3,5 саяас дээш өрхийн орлоготой гэсэн судалгаа  гарсан. Энэ тоо цаашдаа нэмэгдэнэ үү гэхээс буурахгүй. Энэ бол суурь тоо. Тэгэхээр 91 хувь гэдэг бол хангалттай" гэлээ.