Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Ерөнхийлөгч
2022.11.12 19:04
3285
Наран ургах зүгийн торгон шаргал говийн хоёр аймаг өрнүүн их бүтээн байгуулалтын эхлэл "Хүнсний хувьсгал"-д нэгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн Монгол орон даяар хэрэгжиж буй.

Өрхийн үйлдвэрлэлээс үндэсний үйлдвэрлэл рүү, цаашлаад дэлхийн энтэй томоохон бүтээн байгуулалтыг эх орондоо хийхийг зорьж, эрүүл ирээдүйг цогцлоохыг хүссэн хэн бүхний санаа бодлыг сонссон Хүнсний хувьсгалын нээлтийг Говьсүмбэр болон Дорноговь аймагт амжилттай эхлүүллээ.

Ажлын хэсэгт Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны Хүнсний мэргэжилтэн А.Амаржаргал, Эдийн засгийн хөгжлийн яамны Хөгжлийн судалгааны газрын дарга Л.Эрдэнэбаяр нарын бүрэлдэхүүн тус аймгуудад ажиллав.

Хүний амьд явах эрх, эрүүл байхын үндэс эрүүл хүнснээс эхтэй. Цаашлаад шимт тэжээллэг, чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан хүнсээр хүн амыг хүртээмжтэй хангах нь улс орон оршин тогтнох, тогтвортой хөгжих тулгуур гэж хэлэхэд хэн бүхэн санал нэг биз ээ. 

Говьсүмбэр аймгийн тухайд, нөлөө бүхий томоохон үйлдвэрлэл хөгжөөгүй ч аймгийнхаа хэмжээнд хүнсний хэрэгцээгээ бүрэн хангахаар ажиллаж буйгаа илэрхийлж, дөрвөн аймгийн есөн сумын хил дээр оршдог газар нутгийн онцлогтой аймаг учраас цаашид үйлдвэрлэл үйлчилгээгээ хөгжүүлэх зорилгоор  бүх боломжоо ашиглаж, үр дүнд хүрч ажиллаж байна хэмээн нутгийн удирдлагууд ярьж байлаа.

Мөн, "Хүнсний хангамж-Аюулгүй байдал" Үндэсний хөдөлгөөнийг цаг үеэ олсон ажил хэмээн хүлээн авсан Говьсүмбэрчүүдийн зорилго тус хөдөлгөөнтэй уялдуулан үйлдвэрлэгчдэдээ дэмжлэг үзүүлж аймагтаа төдийгүй экспортод гаргах эрүүл аюулгүй хүнс үйлдвэрлэхэд хамтран ажиллахаар хөдөлгөөнд нэгдэж буйгаа онцгойлон илэрхийлэв.

Үргэлжлүүлэн "Хүнсний хангамж-Аюулгүй байдал" Үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэгчид хоршоодын хөгжлийг нэмэгдүүлэхээр зорин ажиллаж буй “Оорцог элгэн” хоршоо, “ Чойрын гурван богд” хоршоодтой танилцлаа. “Оорцог элгэн” хоршоо нь махны цех болон мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд ч идэвхтэй оролцож, ногоон төглийг бий болгохоор зорьж байгаа илэрхийллээ.

“Чойрын гурван богд” хоршооны хувьд  2016 оноос газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд аймгийнхаа хэмжээнд мөөг нийлүүлж, эх орны эрүүл хөрсөнд ургасан эко мөөгийг хүнсэндээ хэрэглэж экспортод гаргахыг гол зорилгоо болгон ажиллаж байгаа ажээ. Ерөнхийлөгчийн санаачилсан энэхүү хөдөлгөөн цаг үеэ олсон ажил болж буйд сайшаалтай хандаж буйгаа тус хоршооны үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн Б.Цэцэгээ хэлж байлаа.

Үргэлжлүүлэн, Хүнсний хувьсгалыг орон нутагт эрчимжүүлэх ажлын хүрээнд зүүн өмнөд бүсийн хилийн манаа Дорноговь аймагт нээлтийн үйл ажиллагааг эхлүүлэхээр тус аймгийг зорилоо.

“Хүнсний хангамж-Аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний Дорноговь аймаг дахь нээлтэд Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, сумдын Засаг дарга болон аж ахуй нэгжийн төлөөлөл, малчид тариаланчид гээд “Саран хөхөө “ театраа дүүргэн эгнэн суусан байлаа. Тус хөдөлгөөнд ихээхэн ач холбогдол өгч чих тавин сонсох нь Дорноговийнхон өрнүүн их бүтээн байгуулалт хийхийг зорьж буй нь харагдаж байв.

Тус аймгийн хувьд газарзүйн онцлог, цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн газар тариалан сул хөгжсөн ч хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн тоо нэмэгдэж нутгийнхаа хөрсөнд  эко бүтээгдэхүүн тариалах нөхцөл бүрдэн ажиллаж байгаагаа дурьдав.

Ажлын хэсэг болон аймгийн засаг дарга, иргэдийн дунд явуулсан хэлэлцүүлгийн үеэр, иргэдийн зүгээс импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх бүрэн боломж байгаа ч эдийн засгийн нөхцөл зайлшгүй тулгардаг талаараа ч хэлж байсан юм.

Ийнхүү  “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх ажлын хэсэг Дорноговь аймгийн "Мөрөөдлийн говь" ХХК, "Далт мөнгөн шанд" ХХК, зэрэг үйлдвэрлэлийн үйл явцтай танилцсан юм.

"Мөрөөдлийн говь" ХХК нь 2007 оноос хойш Монгол улсын хөдөө аж ахуйн салбарт хувь нэмрээ оруулж газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Тухайлбал тарвас, сонгино, төмс, лууван зэрэг өргөн хэрэглээний хүнсний ногоо тариалж аймгийнхаа иргэдийг эрүүл хүнсээр хангахыг зорин ажиллаж байгаа аж. 

Тус компани нь мөн "Шанд Эгг" нэрийн өндгөөр аймгийнхаа өндөгний хэрэгцээний 60-70 хувийг хангаж байна. Одоогийн байдлаар 30 мянган тахиатай үйл ажиллагаагаа явуулж байгаа бол цаашид энэ тоог 70 мянгад хүргэх зорилго тавин ажиллаж байгаагаа онцлоод, эрүүл хүнсээр эргэлт хийхийг зорьсон "Хүнсний хангамж-Аюулгүй байдал" хөдөлгөөнд нэгдэж буйгаа тус компанийн захирал Ч.Баттөгс онцолж байлаа. 

Дорноговь аймаг дахь "Далт мөнгөн шанд" ХХК нь “Загсгал”  цайгаа 21 аймагт нийлүүлэхээс гадна гадны улс руу экспортод гаргаж байна. 

Анх тус цайг үйлдвэрлэгч Д.Должин гуай "Баялаг бүтээгч" нэвтрүүлгийн анхны зочиноор уригдан орж хэрэглэгчид нь ч андахгүй сайн мэддэг болжээ. Өдгөө үр хүүхдүүд нь түүний бахдам амжилтыг үргэлжлүүлж цайныхаа нэр төрлийг нэмэн Монголдоо төдийгүй дэлхийн зах зээлд өрсөлдөж байна. Тухайлбал Монголынхоо хамгийн том гэгддэг нэрийн дэлгүүрүүдэд нийлүүлж 21 аймаг болон гадаад руу ч захиалга авсаар байгаа аж. Тус цайны ашиг тусыг цухас дурьдахад, загсгал цай нь элэг, ходоодны үйл ажиллагааг эрчимжүүлж, тамир тэнхээ нэмэгдүүлдэг тустай ажээ. 

Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжүүлж буй "Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөн"-ийг наран ургах зүгийн торгон шаргал говиийн хоёр аймаг таатай хүлээн аван, Хүнсний хувьсгалд нэгдэж, газар тариалан ургац,  мөөг тариалалт, ашиг шим арвин өндөгний үйлдвэрлэл гээд олон зүйлсээр цаашдаа эх орныхоо эрүүл ирээдүйн төлөө хамтран ажиллахаа илэрхийлсэн нь, өрнүүн их бүтээн байгуулалт хийх нэгээхэн том алхам боллоо.