Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2022.11.16 11:11
4744
"Эрдэнэс Таван Толгой"-г нэг ангийн найзууд ханцуйн дотроо наймаалцаж эхлэв үү!

Засгийн газар нүүрсний хулгайтай тэмцэнэ гэдгээ сүр бараатай дуулган “Эрдэнэс Таван толгой” ХК-д онц байдал зарлаж, Засгийн Газрын бүрэн эрхт төлөөлөгчөө байршуулаад буйд Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар их л “баяртай“ байгаа сурагтай. Учир гэвэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ын Барилга, дэд бүтэц хариуцсан хэлтсийн дарга Ц.Төгсжаргал , Худалдан авах ажиллагааны хэлтэст ахлах мэргэжилтэн Б.Дима нар нь сайдын ангийн анд нөхөд аж. 

Тэгэхээр “нэг ангийнхан“ ЭТТ-г  "ханцуйн дотроо наймаалцан" компанийн дотоод асуудлыг бие биендээ дамжуулах, цаашлаад зохион байгуулалтайгаар буруу ташаа мэдээлэл тарааж компанийг зориудаар харлуулах ажлийг зохион байгуулалттай хийдэг үү гэх хардлага төрж байгаа юм.

Хар төрөх учир нь Ч.Хүрэлбаатар сайдын ангийн найз Ц.Төгсжаргал нь “Эрдэнэс Таван толгой”  ХК-ын талбайд баригдаж байгаа барилгын зураг төслийг дур мэдэн өөрчилж байсан, нэг ёсондоо ноцтой алдаа дутагдал гаргасан албан тушаалтан.   Уг асуудлаас нь болж тус компанид 500 сая төгрөгийн хохирол учирсан ч хариуцлага хүлээгээгүй л яваа гэгддэг бол Б.Дима гэгчийнх нь тухайд  тендер шалгаруулалтанд оролцдог компаниудтай ашиг сонирхолын зөрчилтэй гэх асуудалд удаа дараа орж байсан гэдгийг эх сурвалжууд дурддаг.  

Тэрээр хувийн бизнес нь "хөөрхөн амжилттай"  яваа тул албан ажлаараа өдрийн од шиг л үзэгддэг гэдгийг мөн хамт олных нь дундуус дуулгадаг бөгөөд хариуцлага тооцохыг шаарддаг өдийг хүртэл “толгойг нь илсээр” байгаа аж.

Уг холбоо сүлбээтэй нь зэрэгцэн Засгийн Газраас тус компанид “Бүрэн эрхт төлөөлөгч" томилсон нь Ч.Хүрэлбаатар сайдын хувьд нэн баярт үйл явдал болж, түүний хамтлагийнхан  “Эрдэнэс Таван толгой” ХЗ-д эзэн сууж эхэлсэн гэлтэй...  

Хэдхэн жишээ цухас дурдахад;  ЭТТ компанийн ерөнхий нягтлан бодогч Ш.Цогзолмаа нь Сангийн яамны дэргэдэх татварын маргаан таслах комиссын нарийн бичиг, татварын байцаагч бөгөөд  өмнө нь “Эрдэнэс Таван толгой” ХК-тай холбоотой татварын маргаанд оролцож байсан учраас ашиг сонирхолын зөрчил байж болзошгүй.  Мөн маргаан таслах комиссын гишүүн н.Гантулгыг компанийн Санхүүгийн удирдлагын газрын даргаар томилсон байдаг. Худалдан авах ажиллагааны газрын даргаар шинээр томилогдсон Б.Батзул бас л Ч.Хүрэлбаатар сайдын хүн. Дараагийн нэг томилгоо нь ЗГ-аас томилогдсон “БЭТ”-ийн баруун гар гэгдэх н.Мөнхжаргал нь Дотоод хяналт, эрсдэлийн газрын даргаар томилогдсон. 

Энэ мэт томилгоонуудаас харахад “Хүрээний бузар булайг ухаад байвал далай” гэх үг л санаанд буух... Албан тушаалын томилгоо, эрх ашгийн зөрчлөөс үүдэн эгэл жирийн ажилчид нь хүртэл хэвийн ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй, энэ талаар шүүмжлэл хэлсэн ажилчдыг чөлөөлдөг болсноос үүдэн үг хэлэх, үзэл бодлоо ч илэрхийлж чадахаа больсон гэдгийг нэг тогооныхон нь хэлж буй.

Үүнээс гадна гадаад үйл ажиллагаанд мөн л Ч.Хүрэлбаатар сайдын анд найзын компани гэрээтээр ажилладаг гэх мэдээлэл байгаа юм. Уг асуудлаар эрэн сурвалжилж эргэн мэдээлэх болно...