Б.Батчимэг
Ахлах сэтгүүлч
Нийгэм
2022.11.16 16:05
2656
Монгол хүний эрүүл аюулгүй байдлын төлөө төр засаг, ард түмнээрээ нэгдэн нийлж нэгэн дээвэр дор хуран цуглалаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зургаахан сарын өмнө УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын талаар мэдээлэл хийж, “Монгол Улсын төрийн бодлогын цөм нь Монгол хүн. Тиймээс ч Үндэсний аюулгүй байдал нь Монгол хүний аюулгүй байдалтай шууд хамааралтай. Хүнээ хамгаалах, хүнээ хөгжүүлэхийн тулд хүнсээ сайжруулах ёстой. Иймд хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний хангамжийг нэмэх нь туйлын чухал гэдгийг онцлон тэмдэглэж УИХ, Засгийн газар уг асуудалд онцгойлон анхаарч, тусгайлан хэлэлцэхийг Ерөнхийлөгчийн хувьд санал болгож, УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьж байгаагаа илэрхийлсэн.

Тийнхүү, уг санал санаачилга ажил хэрэг болж, "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөн улс орон даяар амжилттай өрнөж, дөрвөн ажлын хэсэг гарч 21 аймагт ажилласнаас Ерөнхийлөгчийн Үйлдвэр үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяраар ахлуулсан ажлын хэсэг 11 аймагт ажиллан хүнс, хөдөө аж ахуйн салбарынхан хийгээд иргэд, олон нийт, үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийн санал бодлыг сонссоны эцэст өнөөдөр нийслэл Улаанбаатар хотод тус  хөдөлгөөн албан ёсоор нээлтээ хийлээ. 

Нээлтийн үйл ажиллагаанд Монгол улсын Ерөнхийлөгчийн үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан тэргүүтэй зочид оролцлоо.

Түүнчлэн Соёлын төв өргөөнд болсон энэхүү арга хэмжээнд хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэн судлаачид, үйлдвэрлэл эрхлэгчид, газар тариалан, мал аж ахуйн салбарын 1200 гаруй төлөөллүүд хүрэлцэн ирж, нэгэн дээвэр дор хуран цуглаж, хүн амын эрүүл, аюулгүй байдлын төлөө энэхүү хөдөлгөөнийг дэмжиж,  манлайлан оролцохоо илэрхийлж байсан юм.

Бид өөрсдөө үйлдвэрлэж, эх орныхоо ариун дагшин хөрсөнд ургасан экологийн цэвэр хүнсээр хэрэгцээгээ бүрэн хангахын зэрэгцээ хүнс экспортлогч орон болох хатуу зорилго тавьж ажиллахын шалтгаан хийгээд зорилго нь иргэдийнхээ хүнсний гол нэрийн 19 төрлийн бүтээгдэхүүн болох мах, махан бүтээгдэхүүн, тахианы мах, сүү, сүүн бүтээгдэхүүн, цөцгийн тос, гурил, гурилан бүтээгдэхүүн, өндөг, ургамлын тос, давс, төмс, лууван, байцаа, манжин, сонгино, саримс, хүрэн манжин, хүлэмжийн ногооны хэрэгцээг ирэх таван жилийн хугацаанд дотоодоос бүрэн хангахад оршиж байгаа билээ.

Эцэст нь, Хүнс эрүүл байвал Монгол хүн эрүүл байна. Монгол хүн эрүүл байвал Монгол үндэстэн хүчирхэг байна хэмээн хэлсэн уг үгийг бид санаж, хичээж явбал жил бүр нэг тэрбум ам.долларыг гадагш урсгаж,  хүнсний бүтээгдэхүүнийхээ 50 хувийг гаднаас авч, айлаас давсаа хүртэл гуйж амьдрах шаардлагагүй болох юм.