Нийгэм
2022.11.16 16:49
2381
Нийслэлийн иргэдийн хүнсний хангамжийг нэмэгдүүлэхэд орон нутагтай хамтарч ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан эхлүүлсэн "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөн нийслэл Улаанбаатар хотод нээлээ. Тус арга хэмжээнд хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэн судлаачид, төрийн албан хаагчид, үйлдвэрлэл эрхлэгчид, газар тариалан, мал аж ахуйн салбарын төлөөлөл 1200 гаруй зочин, төлөөлөгч оролцов. Мөн энэ үеэр хөдөө аж ахуйн чиглэлээр үйлдвэрлэл эрхлэгч, хүнс үйлдвэрлэгч үндэсний компаниуд бүтээгдэхүүнийхээ дээжээс олон нийтэд танилцуулав.

Тус үйл ажиллагааг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр уншиж танилцуулан, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт гардууллаа.

Нээлтийн үеэр Нийслэлийн удирдлагууд ирэх 5 жилийн хугацаанд хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах, нийслэлийн хүн амыг хүнсний гол нэрийн 19 төрлийн бүтээгдэхүүнээр хангах талаар баримталж буй бодлогыг иргэд, олон нийтэд танилцуулсан юм.

Хүн амын хүнсний гол нэрийн 19 төрлийн бүтээгдэхүүний зохистой хэрэгцээг 2021 оны байдлаар тооцож үзвэл, нийслэлийн иргэд жилд 54.3 мянган тонн малын мах, 18.1 мянган тонн шувууны мах, 72.4 мянган тонн сүү, 81.4 мянган тонн сүүн бүтээгдэхүүн, 45.2 мянган тонн гурил, 81.4 мянган тонн гурилан бүтээгдэхүүн, 54.3 мянган тонн төмс, 117.6 мянган тонн хүнсний ногоо, 9 мянган тонн өндөг, 10.4 мянган тонн ургамлын тос, 4.6 мянган тонн цөцгийн тос хэрэглэдэг. Эдгээрээс мах, гурил, төмсийг 100 хувь дотоодоос хангаж байгаа бөгөөд сүү, сүүн бүтээгдэхүүн, хүнсний ногоо, өндөгний хангамжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Харин ургамлын тос, давс, цөцгийн тос, тахианы мах, хүлэмжийн ногооны хангамж импортоос шууд хамааралтай бөгөөд сүүн бүтээгдэхүүн, ургамлын тос, давсны үйлдвэрлэлийг дотоодоос хангах боломж байгааг зохион байгуулагчид хэлж байлаа.

Нийслэл Улаанбаатар хотод нийт хүнс боловсруулах 600 гаруй үйлдвэрийн 15,000 гаруй ажилтан, газар тариалангийн салбарын 120 гаруй аж ахуйн нэгжид ажиллаж буй 2800 гаруй иргэн, тариаланч, эрчимжсэн мал аж ахуйг уламжлалт соёлтойгоо уялдуулан хөгжүүлж буй 5000 гаруй өрх, 300 гаруй фермер эрхлэгчид байдаг. Нийслэл хотыг төдийгүй Монгол Улсыг 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр хангахад эдгээр хүмүүсийн идэвх, оролцоо чухал. Иймд үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдээ бодлогоор дэмжихээ нийслэлийн удирдлагууд илэрхийллээ. Үүнээс гадна нийслэлийн иргэдийн хүнсний хангамжийг нэмэгдүүлэхийн тулд орон нутагтай хамтран ажиллана гэв.