Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2022.11.17 11:54
4972
ЕТГ: “Чингис хаан” одонг хэнд олгох нь тодорхой болоогүй, одоогоор нууцын зэрэглэлд байгаа

Их эзэн Чингис хааны мэндэлсний 859 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-өөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг эрхмийг "Чингис хаан" одонгоор шагнадаг билээ.

"Чингис хаан" одонг энэ сарын 24-нд гардуулах бөгөөд уг эрхэм хүндтэй шагналыг “Зүрх мартахгүй” төслийг санаачлагч, олон мянган бяцхан зүрхэнд зүрх бэлэглэж, амьдрал хайрласан Б.Болдсайхан эмчид гардуулахаар болсон гэх мэдээлэл өчигдрөөс эхлэн цахим сүлжээнд нийтлэгдэж, олон нийт ч маш таатай хүлээж аваад байгаа юм. ЕТГ-аас тодруулахад харамсалтай нь “Чингис хаан” одонг хэнд олгох нь одоогоор тодорхой болоогүй байгаа гэдгийг мэдээллээ.

ЕТГ: “Чингис хаан” одонг хэнд олгох нь одоогоор тодорхой болоогүй байгаа. Тодорхой болсон үед нь буюу дараа долоо хоногт олон нийтэд ил болгоно. Одоо нууцын зэрэглэлд байгаа гэсэн үг” гэсэн юм.

Харин Б.Болдсайхан эмчийн тухайд цахим хуудсаараа дамжуулан хариу мэдэгдэл хийсэн юм. Тодруулбал, 

"Шагнал, доромжлолын алиных нь ч дайрлага, атаа жөтөө, өр дарамтгүй, амар жимэр, хүүхэд эмчлээд цөөн хэдэн жил явмаар л байна. Гавъяа огт үгүй ажилаа л хийж буй. Ухаантай биш мунхаг, араншин дураараа, зожиг хажиг, мэдэх чадахаасаа мэдэхгүй чадахгүй нь их донгио хүн" хэмээжээ. 
Мөн Б.Болдсайхан эмч энэ сарын 18-24-ний өдрүүдэд Токио хотын эмнэлэгт хавдрын шинжилгээ хийлгэхээр Япон улсыг зорьж буй бөгөөд энэ үеэрээ ч мөн тус улсад суугаа Монголчууддаа үнэ төлбөргүй үзлэг хийх юм.